top of page

“Миний өвөө сүнс болчихжээ” агууламж

  • Writer: Garuna publishing
    Garuna publishing
  • Jan 30
  • 1 min read

“Миний өвөө сүнс болчихжээ” ном нь бага насны хүүхдэд сүнс, далд ертөнцийн талаарх ойлголтыг айдас төрүүлэхгүйгээр, хайртай хүнээр нь дамжуулан зөөлөн өгүүлж чадсан бүтээл юм. Сүнс, далд ертөнц гэх ойлголт бидний амьдралтай зэрэгцэн оршдог гэдгийг хүүхдийн нас, сэтгэл зүйд тохируулан ойлгуулна. Тэр ч байтугай үгийн сонголт нь хүртэл хүүхдэд ээлтэй, хөөрхөн. Жишээлбэл, “авс” гэх хүнд, эмзэг үгийг “модон хайрцаг” хэмээн нэрлэсэн нь үүний нэг тод жишээ юм.


Заримдаа бид хамгийн ойр дотнын хүмүүстээ хамгийн чухал үгээ хэлэлгүй орхидог. Тэр үг бол “хайртай” гэсэн үг. Хэдий энгийн, дулаахан мэт боловч хамгийн үнэ цэнтэй үг. Энэхүү номд “сүнс” ба “хайр” гэх эсрэг тэсрэг мэт хоёр ойлголтыг нэг дор багтаан, сургамжит агуулгыг бүтээсэн нь онцлог.

Мөн уг бүтээлд эцэг эхчүүд хүүхдээ хэтэрхий балчир хэмээн үзэж, тэдний бодол санаа, мэдрэмжийг үл ойшоодог байдлыг харуулна. Гэтэл бодит байдал дээр бага насны хүүхэд бидний төсөөлдгөөс хавьгүй ухаалаг, мэдрэмжтэй бөгөөд томчуудын хэлэхгүй, нууж орхисон зүйлийг хүртэл өөрсдөө анзаарч, олж мэддэг.


Хүүхэд гунигийг том хүн шиг ухаарч тайлбарлаж чаддаггүй байж болох ч том хүнээс илүү гүн мэдэрдэг. Энэ нь уг номын хамгийн том философи юм. Жишээлбэл, том хүн хайртай хүнээ алдвал цаг хугацааны явцад сэтгэл нь бага багаар тайвширч чадна. Харин зарим хүүхэд ийм алдагдлаас болж насан туршийн сэтгэлийн шарх, трауматай үлдэх ч боломжтой.


Ер нь энэ ном нь хүүхдүүд тэр бүр асуугаад байдаггүй ч тэдний дотор оршдог асуултуудыг — үхэл, хагацал, диваажин, сүнс гэх мэт ойлголтыг — хүүхдийн хэлээр, хүүхдэд зориулсан байдлаар өгүүлсэн бүтээл юм. Бага насны хүүхдэд хүртэл амьдралын өөрийн гэсэн философи байдаг гэдгийг томчууд бид ойлгож, энэ тухай нээлттэй ярилцах хэрэгтэйг сануулж байна.



 
 
 

Comments


(+976) 7511-7575 (1) | 9908-4979 

Copyright © 2026 Garuna's Crew 

bottom of page