Номын баяр-2023 дээр хэдэн асар точиглож очоод, хэвлэлтээс дөнгөж гараад байхад нь Гаруна Паблишингийн асраас ТОМё БОДё-н номуудыг авсан билээ.
Анх Томё Бодё-г +10 жилийн өмнөөс блогоор нь мэддэг болж, үнэхээр сонирхолтой цуврал нийтлэлүүдийг нь амтархан уншдаг байлаа. Өмнө нь орчуулж гаргасан Үхэл гэж юу вэ, Ад үзэгдэх зориг зэрэг номуудыг нь гадаадад байсан тул Англи хэл дээр олж уншсан болсон. Учир нь Томё Бодё-н сонголтонд итгэдэг болоод тэр байхаа. Гэхдээ Жапан-Инглиш орчуулга биш Жапан-Монгол орчуулга илүү гоё байх гэдэгт одоо бол итгэлтэй байна.
Харин энэ удаа нүүр зургийг нь эчнээ мэдэх Нойр хулжаам хувьслын түүх болон шинэ номнууд болох Жолоодогч, Баруун тархи, зүүн тархи гэсэн нийт 3 ном авсан. Жижигхэн бас хөнгөхөн юм, амар амар, гялз унших нь дээ гэж бодов. Хувьслын түүх нь шинжлэх ухааны чиглэлийн ном байх, ойлгомжтой. Жолоодогчийг бол шинэ номоо халуун дээр нь аваарай гээд байхаар нь л авчихсан юм. Харин Баруун тархи, зүүн тархи чинь юу билээ хө, хүүхдийн ном юмуу гэсэн чинь үгүй, том хүнийх гэж байна. Хмм заза, яадаг юм билээ, бас хэд гурван унших номтой болчихсон байдаг, илүү юм биш үү гэж бодсоноо яг нэг юм хатгаад… салж өгдөггүй. Одоо бодвол тэр нь нөгөө зөн совин байж л дээ. Яг энэ хөөрхөн пинк номон дээр байдаг зөн совиндоо итгэх тухай гардаг тэр совингоо би дагасан юм байжээ.
Намайг унштал уншиж бай гээд Жолоодогчийг ээждээ хэд хоног өгөв. Номын хорхойтой ээж маань ихэнх номыг ямар байсан гэж асуухад, зүгээр дажгүй гэх мэт цөөн үгээр, бүдэг бадаг хариулт өгдөг. Харин энэ удаа Жолоодогчийг ямар байсан гэж асуухад хөөрхөн юм билээ гэж цоглог дугарав. Хмм, за таалагдсан бол яамай даа гэж бодчихоод номоо эргүүлж аваад хэд хоногийн дараа өөрөө уншсан билээ.
Хаанаас ч, хэнээс ч билээ хүний амьдралыг хүн бас ном өөрчилдөг гэж сонссон санагддаг. Үнэн худал эсэхийг нь мэдэхгүй юм, ямартай ч санаанаас гардаггүй юм. Байж болохоор үнэн л санагддаг болоод тэр байх. Жолоодогч болон Баруун тархи, зүүн тархи номууд хоёулаа л тийм үнэ цэнэтэй байж болохоор санагдаад байгаа юм.
Үйл явдал, өгүүлэмж нь амьдралд ойр хэрнээ, цаанаа философлог, бүр гариг ертөнц, оршихуйн хэмжээний утга санаатай. Философи, оршихуй гэхээр л хүнийг гуниглуулаад, хоосон, утгагүй гэх мэт хандлагаар биш харин хүний амьдралд хэрэг нэмэр болохуйц, хариулт, тусламж хайж яваа хүнд дэмжлэг болж амьдралыг нь өөрчилж мэдэх өнцгөөс бичигдэж, цаашлаад тэр санаануудаа хамгаалах логиктой байгаа нь бүр хөөрхөн. Би л лав үнэмшсэн.
Яагаад гэдэг цаад санааг нь сайн ойлгохгүйгээр ямар нэг зүйлийг хэрэгжүүлж, итгэж үнэмшихэд хэцүү байдаг шүү дээ. Тэгж байгаад мартагдчихдаг.
Номоо спойлердоод зарим нэг санаанаас нь өөртөө хүлээж авсанаараа хуваалцвал:
Пойнт карт – Үнэндээ би өөрийнхөө л сайндаа, өөрийнхөө азтайдаа л, өөрийнхөө буянтайдаа л гэж бодох хандлага маань зүгээр л хувиа хичээсэн, их зантай, ахархан бодол байсан юм шиг. Харин тэрхүү аз нь өвөг дээдсийн маань, намайг хүрээлэн буй хүмүүсийн, хэн нэгний өнгөрсөн болон одоогийн хичээл зүтгэлийн үр шимийг би одоо хүртээд, тэдний пойнт картаас зээлээд хэрэглэж байж байгаа юм байна ш тээ гэх огт өөр өнцөг. Ямар ч эго байхгүй, ямар ч хийрхэл байхгүй. Пойнт картанд цуглаж үржигддэг бас нэг зүйл нь өөдрөг байх. Гавьяа байгуулаагүй ч зүгээр л өөдрөг байх нь пойнт картанд оноо болон цугладаг гэх нь ямар сайхан санаа юм бэ!
Өөдрөг байхын давуу талыг би мэддэггүй ажээ. Яахав өөдрөг байх нь сайн гэж ерөнхийдөө мэддэг ч яагаад сайн юм, яагаад давуу талтайг нь мэддэггүй байж. Одоо бол ойлгосоон. Угаасаа л тийм байх хэрэгтэй учраас аз дагуулахаас гадна бүр пойнт картны оноо цугладаг байх нь шүү дээ.
Үнэндээ байдаг ч хэрхэвч байхгүй – Би энэ санааг яг зөв ойлгосон эсэхээ сайн мэдэхгүй юмаа, гэвч надад их таалагдсан. Байгааг нь хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ яг байдаг гэж нүдэнд ил харагддаггүй. Тийм учраас байдаггүй гэсэн үг биш юмаа.
Аз жаргалын үр – Энэ бас их гоё санаа санагдсан. Аз жаргалын үрийг тариад түүнийг ургаж дуустал нь тэвчээртэй хүлээх. Үр дүнг нь чи өөрөө ч хүртэхгүй байж магадгүй шүү.
Ямар ч зүтгэл шагнагддаг гэж үү? – Дэмий зүтгэл гэж байдаггүй. Энэ бас л хүмүүсийг цухалдуулдаг зүйл байхаа, үгүй ядаж л намайг. Үр дүн нь өнөө маргаашдаа гарахгүй зүйл дээр одоо цухалдаад яахав дээ. Ямар ч л байсан шагнагдана гэж бодоод л явахад л болох юм шиг. Чиний пойнт картанд цуглаад чамд дараа нь ч юмуу, эсвэл өөр хэн нэгний сайн сайхны төлөө ашиглагдаж ч болох.
Эерэг гэх үг хий хоосон лоозон шиг сонсогддог болсон үед эерэгээр харах тухай, жинхэнэ эерэг хандлага гээч юу болох тухай, хүний амьдралын зорилго ямар байх ёстой тухай фикшн төрлөөр бичигдсэн, сэлф-хэлп-ийн дүртэй философийн ном байна даа. Баярлалаа ТОМё БОДё, энэ номыг сонгож бидэнд хүргэсэнд.
Аа бас нэмж хэлэхэд, орчуулга үнэхээр гоё цэвэрхэн, бичлэгийн донж маяг зэргийг харахад монгол хэлийг сурмаг ашигласан санагдсан. Бас хөгжилтэй. Номоо уншиж байхдаа инээгээд л байсан. Эхний хуудаснаасаа л сонирхол татаж, үйл явдал нь кино шиг л нүдний урд дүрслэгдэж, гол дүрийн дотор нь орсон юм шиг мэдрээд л явсан даа. Шүйчиг яагаад ч юм Лили Франки маягийн дүртэй төсөөлсөн. Шүйчи, Масафуми нарыг дагаад л хийж байгаа бухнийг нь дагаж хийгээд, уйлах үед нь ч бас уйлчих гээд л. Төгс орчуулгатай ном байж чадсан даа.
Баруун тархи, зүүн тархийг хараахан уншиж дуусаагүй байгаа. Уул нь уншаад байх юмгүй жижкээн ном хэрнээ бүр эргэлт ч гэх үү, хувьсгал ч гэх үү хийж чадахаар санаанууд яваад байгаа болохоор хурдлуулж, гүйлгэж уншиж болдоггүй ээ. Ер нь бол чиний байгалийн зөнгөөс холдсон байсан нэлээн их зүйлийг буцаагаад байгаль руу нь ойртуулж, “засах” арга ч юмуу тиймэрхүү зүйл байгаад байх шиг байна. Ямар ч байсан энэ номны дараа бол би өмнөх Цацаа биш болж хувирах байх гэж бодоод байгаа юм хэхэ.
Did I spoil too much?!
source: https://www.facebook.com/tsatsdegger.dros / Tsatsaa Dros
ТОМё БОДё Reply: Номын сэтгэгдлээ илэн далангуй хуваалцсанд маш их баярлалаа 🥰🥰🥰 Уншсан номынхоо review/тэмдэглэл бичиж хэвшвэл өөрт их үлдэцтэй байдаг шүү (гэж хэлж байгаа би өөрөө review бичиж байна гээд орчуулчдаг л даа 😅). Орчуулга их хэцүү байсаан. Уран зохиол чинь арай дээд жингийнх юм билээ. btw, Хувьслын түүхээ ч хуваалцана гэж итгэж байна. PS: Ямар гоё зургууд вэ? Жолоодогчийн нүүрний зураг руу нь орцон ч юм шиг. #жолоодогч
Kommentare