top of page
  • Writer's pictureGaruna publishing

23.3.17 | Номын тэмдэглэл #3.8

ФИЛОСОФИ ЦАГААН ТОЛГОЙ | Ямча


Энэхүү номыг анх авчихаад нээх гэхээр “Философи” гэдэг үг нь цаанаасаа л нэг тийм хүнд ч юм шиг, гүн ч юм шиг мэдрэмж төрүүлээд наана нь хэд хэдэн ном уншаад амжсан. Тэгээд нэг өдөр бүр өөрийгөө хүчлэн байж арай гэж эхний хуудсыг нь эргүүлэх төдийд нөгөө их хүнд мэдрэмжүүд бүгд замхраад алга болчихов.


Учир юу хэмээвээс уг номын бичлэгийн хэлбэр, утга агуулга нь маш том бас хүнд сэдвийг маш хөнгөхнөөр өгүүлэхийн дээр уйтгартай гэж боддог байсан зарим зүйлсийг харин ч хөгжөөнтэй болгож, унших явцад хэд хэдэн удаа хөнгөхөн инээлгээд амжсан.


За тэгээд зохиолч Ямча эртний үеэс өнөөг хүртэлх хүн төрөлхтөний түүхэнд, оюун санаанд, үзэл бодолд томоохон тэсрэлт хийсэн 31 их сэтгэгч, философичдын намтар болоод тэдгээрийн бүтээсэн мэдлэгийг “Үнэн”, “Төр”, “Бурхан”, “Оршихуй” гэсэн 4 бүлэг болгон хувааж, тун сонирхолтойгоор өгүүлэх болно.


🤔 ИХ СЭТГЭГЧДИЙН ҮЗЭЛ САНАА БА ИШЛЭЛҮҮД:


Протагор: Харьцангуйн үзэлтэн

“Абсолют үнэн гэж байдаггүй. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь хүн болгоны хувьд харилцан адилгүй юм.”


Сократ: Мэдэхгүйгээ мэдэгч

“Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм.”


Декарт: Системтэй эргэлзэгч

“Би сэтгэж байна, тиймээс би оршин байна.”


Хьюм: Бүх зүйлд эргэлзэгч

“Бурхан гэдэг бол хүний туршлагаас үүдэн гарсан үзэл суртлын хийсвэр бүтээл төдий зүйл юм.”


Кант: Үнэнийг тонгорсон сингл

“Үнэн бол хүнээр тодорхойлогдох буюу үнэн бол зөвхөн хүн төрөлхтөний хувьд л үнэн байх болно.”


Гегель: Тэмцлийг өөгшүүлэгч

“Диалектик буюу тэмцэл л хүн төрөлхтнийг үнэн тийш хөтлөн авч явах цорын ганц арга хэмээн тунгаасан.”


Кьеркегор: Экзистиализм

“Миний хувьд үнэн гэж бодогдохуйц үнэн. Би түүний төлөө амьдарч, түүний төлөө үхэж чадахуйц үнэн. Чухам тийм үнэнийг эрж олох явдал л хамгийн чухал юм.”


Сартр: Нобель надад хэрэггүй!

“Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм. Эрх чөлөө гэдэг бол юу зөв болохыг мэдэхгүй байхад “өөрөө мэд” гээд хаягдаж орхигдсон түгшүүртэй нөхцөл байдал юм.”


Леви Стросс: Структурализм

“Үнэн заавал ганц замаар урагшлах албагүй.”


Дьюи: Прагматизм

“Туйлын үнэн мөн эсэх нь огтхон ч чухал биш, харин бодит амьдралд хэрэгцээтэй эсэхийг нь харъя. Гагцхүү ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай.”


Деррида: Деконструкц

“Бусдын ойлголтыг хүлээн зөвшөөр. Хүн бүр, улс бүр өөр өөрийнхөөрөө. Өөр соёлтой, өөр шашинтай, өөр улс төрийн дэглэмтэй ч бай бүгд эвтэй найртай л байхад хангалттай.”


Левинас: Бусдын тухай онол

“Бид ямар ч үнэнийг гаргаж ирэн “Найдвартай!” гэж хашхирлаа ч түүнийг үгүйсгэх БУСАД гарцаагүй оршин байсаар байна. БУСАД-ын няцаалт биднийг хэчнээн хүндээр шархлуулдаг ч бай бид хэзээд түүнтэй байх жамтай.”


Платон: Идей онолтон бөх

“Идейг таньж мэдэх чадвартай шилдэг философич л хаан болох ёстой. Аль эсвэл хаан хүн философид суралцах ёстой.”


Аристотель: Бүх эрдмийн эцэг

“Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг.”


Хоббс: Нийгмийн гэрээний үзэл

“Төр бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм.”


Руссо: Хааныг тэрслэгч гаж эр

“Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн.”


Адам Смит: Үл үзэгдэгч гар

“Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байгтун. Хувь хүн бүр өөрийн дураар ашгийн төлөө явлаа ч гарцаагүй “үл үзэгдэгч гар”-т зохицуулагдаж, бүх нийгмийн эрх ашигт нийцсэн үр дүнд хүрэх болно.”


Маркс: Коммунизм

“Философичид ертөнцийг зүгээр л олон янзаар тайлбарласнаас цаашгүй. Гэвч хамгийн чухал нь түүнийг өөрчлөх явдал юм.”


Эпикурос: Бурхан байдаг юм уу?

“Тааламжтай зүйлээ хийгээд, хөгжилтэй амьдарцгаа!”


Есүс Христ: Бурхны хүү

“Дэргэдэх хүнээ хайрла! Өөрийн дайснаа ч хайрла!”


Августин: Эцэг лам

“Хүн гэдэг бол чөлөөт хүсэл зориг болон хүсэл тэмүүлэлтэй хэдий ч түүнийгээ удирдан хянах чадваргүй сул дорой оршихуй.”


Томас Аквин: Сколастизм

“Рационалиар хэмжихийн аргагүй түвшний (зиндааны) асуудалд зөвхөн сүсэг бишрэлээр л хүрч очиж чадна.”


Ницше: Галзуу философич

“Бурхан гэдэг бол сул доройчуудын ресептиментээс төрөн гарсан хоосон зүйл юм.”


Хераклит: Уйлдаг философич

“Бүх юмс урсан одно. Энэ ертөнцөд үүрд мөнх үл хувирах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Хэлбэр бүхий зүйлс эрт орой гарцаагүй эвдэрч, хэлбэрээ өөрчлөн урсан одно.”


Парменид: Рационализмын Эцэг

“Оршин буй зүйл оршин байхаа болих нь үгүй. Өөрөөр хэлбэл, оршихуй хэрхэвч хоосон болохгүй.”


Демокрит: Инээдэг философич

“Оршихуйн язгуур махбод бол атом.”


Ньютон: Шинжлэх ухааны эцэг

“21 насандаа “Татах хүч”, “Гэрлийн хугарал”, “Уламжлал, Интеграл” гэсэн 3 том нээлт хийсэн. Өтөл насандаа “Библийн судалгаа”, “Алхими”-ийн ухаанд улайрсан суут ухаантан.”


Беркли: Субьектив Идеализм

“Орших гэдэг бол мэдрэгдэх явдал юм.”


Гуссерль: Үзэгдэл судлал

“Яагаад Пифагорын теорем үнэн бэ?” гэж асуух бус, харин “Яагаад Пифагорын теоремын баталгааг хүмүүс үнэн гэж итгэнэ вэ?” гэж асуух…”


Хайдеггер: Оршихуйн онол

“Оршихуй гэдэг бол хүний дотор үүсдэг зүйл.”


Соссюр: Хэл судлалын философич

“Хэлний ялгаа гэдэг бол ангилах системийн ялгаа юм. Өөрөөр хэлбэл, таны харж мэдэрдэг “ертөнц” гэдэг бол зөвхөн таны хувийн үнэ цэнээр таслагдан бий болсон “ертөнц” бөгөөд тэр ертөнцөд орших юмс бүгд зөвхөн таны хувийн үнэ цэнээс төрсөн оршихуйнууд юм.”


#НомУнш https://www.facebook.com/Seoul.Amore @Э.Амарбаясгалан


Comments


bottom of page