top of page
Writer's pictureGaruna publishing

Үхэл гэж юу вэ?

Номын шинэчилсэн найруулгыг цахим хэлбэрээр зөвхөн Mplus-аас уншаарай.

...Үхлээс айх нь зохисгүй, уурлах ч бас утгагүй юм гэвэл тэр фактанд хандаж гуниглах ёстой юу?


Үнэндээ надад лав ийм эмоц учир утгатай юм шиг санагдана. Энэ ертөнц дэндүү үзэсгэлэнтэй газар. Энэ ертөнцөөс хүртээж болох гайхамшигтай зүйлсийг бид аль болох ихээр мэдэрч туулах тусмаа сайн биз. Хэрэв би үхчихвэл ахин цааш мэдэрч туулж чадахгүй гээд бодохоор гуниг төрж байна, бас энэ гунигийг зөв реакци гэж бодож байна.

Гэвч тэгж бодмогц өөрийн эрхгүй өөр нэгэн бодол толгойд орж ирнэ. Бүр ихийг мэдэрч туулж чадахгүй ч гэлээ өдий дайны ихийг мэдэрч туулж чадсан маань ямар гээч аз завшаан бэ! Миний харахад сансар огторгуйд асар олон тооны атомууд хуйлралдаж, зүсэн зүйлийн хэлбэр бүхий сүрэг үүсгэж, тэдгээр нь цаашаагаа задарч тархаж байдаг ердөө л тийм газар. Тэр атомуудын дийлэнх нь огтоос амь агуулахгүй. Хувь шинж бүхий хүн болж, хайранд умбаж, жаргах нарыг тольдож, зайрмаг идэх завшаан тэдэнд тохиохгүй. Бид бол ийм л онцгой дээд жаргал бүхий оршихуйнууд гэх нь юутай ч эгнэшгүй аз завшаан гэлтэй.


Энэ санааг илэрхийлсэн миний дуртай нэгэн эшлэлийг танилцуулъя. Энэ бол Курт Воннегутын “Муурын хэвтэр” (Cat's Cradle) гэдэг номын хэсэг. Воннегут үхлийн тасагт шивнэж болохоор нэгэн төрлийн залбирлыг бодон төсөөлжээ.

Бурхан шавар бүтээжээ. Бурхан уйтгарлав. Тэгээд бурхан шаврын нэг хэсгийг “Бос!” гэж тушаав. “Миний юу бүтээснийг хар!" гэж бурхан хэлэв. “Уул, далай, тэнгэр, оддыг хар!" Харин би бол босоод эргэн тойрноо гүйлгэн харсан шаврын нэг хэсэг байлаа. “Азтай би, азтай шавар” Би гэдэг шавар өндийн босож, бурхан хэчнээн гайхамшигтай ажил хийснийг нүдээр харав. “Гайхалтай, бурхан минь. Бурхан минь, танаас өөр хэн ч ийм зүйл хийж чадахгүй биз. Надад бол яаж ч бодоод бүтэшгүй даалгавар. Тантай харьцуулахад над мэт нь даанч шалихгүй хэн ч бишээс өөрцгүй. Хумсын төдий өчүүхэн ч болов өөрийгөө чухалд бодъё гэвэл, ямар их шавар өндийн босож эргэн тойрноо харж ч чадаагүй бол гэж л төсөөлөх ёстой байх.

Энэ нэр хүндэд талархъя!” Тэгээд шавар буцаад газар унаж, гүн нойронд автав. Шаврын хувьд ямархан гайхамшигтай дурсамж тохиосон хэрэг вэ! Босож ирсэн бусад төрлийн шаврууд ямар гээч сонирхолтой учрал байсан гэж санана! Би нүдээр үзсэн бүхнээ хачин ихээр таашаан баяслаа.


Тайлбар: Би үргэлж үхлийн талаарх өөрийн лекц дээрээ “Муурын хэвтэр” номын энэ хэсгийг оюутнуудад уншиж өгдөг юм. 2007 оны 4 сард, лекцэн дээрээ үүнийг уншсаны дараа, урьд шөнө өөр хэн ч бус чухам Воннегут таалал төгссөн болохыг сонсогчдын нэг нь надад хэлсэн юм. Би тэрийг мэдэлгүй энэ хэсгийг дуудан уншиж байсан хэрэг. Маргааш өдөр нь би оюутнуудад түүний үхлийн тухай дуулгасан. 84 насыг зооглосон Воннегут өөрийгөө өндийн боссон шавар байсандаа хэчнээн их олзуурхан буйгаа сүүлчийн хором хүртлээ мэдэрсэн байгаасай гэж залбиръя.


Зөв эмоцлог реакци бол айдас биш, уур ч биш, амьд байна гэх тэрхүү цэвэр фактанд хандсан талархал юм шиг санагдана.

Үргэлжлүүлэн номоосоо тухлан уншаарай. Философидох гэж яахыг хэлдгийг энэ ном танд яруу тодоор зааж өгнө.






Comentários


bottom of page