top of page
  • Writer's pictureGaruna publishing

Ямча “Философи, математик, бас бус” номын тэмдэглэл

#ЯМЧА


Ёооё, бичих гэж догдолж яарсны эцэст нэг юм биччихлээээ вүүхүүү


Бас нэгэн хөл хориотой өдрийн мэндийг хүргэе! Энэ удаа би Ямча — “Философи, математик, бас бус” номыг уншсан сэтгэгдэлээ тэмдэглэн үлдээе хэмээн шийдлээ.

Математик ч гэх шиг, ээ бүү үзэгд! Дээр нь бүр философи гэнэ үү? За боль, боль… Юуны өмнө ийнхүү нэрнээс нь огтхон ч сүрдэх шаардлагагүй ном болжээ гэж элэг нэгт уншигч танд батлан дуулгахад таатай байна.

Ерөнхий дүгнэлт:

I. Шулмын теорем — Фермагийн сүүлчийн теорем

II. “Шийдэгдээгүй бодлого” нэртэй хараал

III. Математикийн систем ба түүний хязгаар

IV. Номын сангаас эхэлсэн яриа

V. Дээврийн хөндий дэх их тэмцэл

гэх 5 бүлгээс бүрдэх номын зорилго нь математикийн талаарх нийтлэг сөрөг төсөөллийг нураах явдал бөгөөд энэхүү зорилго дор математикийн ертөнцийн хамгийн сэтгэл хөдлөм “Фермагийн сүүлчийн теоремын баталгааг тойрох математикчид”-ын түүхийг сонгожээ. Их л сүртэй сэдэв юм шиг байгаа биз? Ер нь бол тийм, гэвч математикийн гүн мэдлэг, сонирхолгүй жир хүмүүст математикийн гайхамшгийг харуулах зорилгодоо хүрч чадсан ном болжээ. Тэгж ярьвал, математик гэгч аймшгийн эдийг “хаха, хөгшөөн, хихихи” гэх мэтчилэн инээд хүргэм ярианы хөнгөн үгсээр зөөллөж, мөн бүхэл бүтэн шинжлэх ухааныг сэдвээ болгон барьж авчхаад ийм хайнга хэв маягаар бичиж, ийм хялбар ойлгомжтой тайлбарлаж орхисон нь бүр байж боломгүй, бараг ёс бус мэт ч санагдах шиг, кк. Ээжийн минь хэлдгээр “Энгийн үгээр гайхалтай түүх өгүүлж чаддаг хүн л чадварлаг сайн тайлбарлагч байдаг юм” гэдэг шиг, мөн Америкийн алдарт физикч Ричард Фейнманы хэлснээр “Хэрэв чи аливааг хялбар үгээр тайлбарлаж чадахгүй бол чи өөрөө түүнийгээ сайн ойлгоогүй байна” гэдгийг баталсан ном болжээ, та минь ээ!

  • Агуулгын дүгнэлт:

За, би лав математикийн ийм олон тал байдгийг мэддэггүй явсан. Би чинь угтаа ахлах сургуульдаа математикт хайртай гэж хөөрч явсан бөгөөд одоо ч санхүүгийн удирдлага мэргэжлээр суралцаж яваа хүн шүү дээ, кк. Харин “Философи, математик, бас бус” номыг ёстой л хонь, ямаа гаргахад сархинаг цэвэрлэдэг ажилд ноогддог шиг л би энэхүү номонд математикийн ёстой төсөөлж ч үзээгүй давхаргуудыг эргүүлж, тойруулж бичсэнийг гайхахдаа математикийг сархинаг шиг л “угааж” уншсаныг минь яана! (16:00, 2020.04.13)

Ерөнхийдөө математикийн ядаж “натурал тоо”, “тэгшитгэл” зэрэг хамгийн суурь ойлголтуудыг мэддэг хүнд илүү л наалдацтай санагдах болов уу. Тэглээ ч “аксиом”, “теорем” гэж юу болохыг дундуур нь танд тайлбарлаад өгчихдөг учраас зохиогч таныг ярианаасаа хоцроож, хойно үлдээхгүйг л аль болох хичээнэ.

  • Бүтцийн дүгнэлт:

Гэвч энэ номонд ганцхан л түүхийг хүүрнээд байхгүй ээ… Хавчуургатай талх шиг эл ном нь “n зэргийн олон гишүүнтийн түүх”-ийг бэсрэг түүхүүдэд хуваагаад, гол шугам болох Фермагийн теоремын түүхийнхээ дундуур хэсэг хэсгээр нь шургуулчихжээ. Энэ нь уншигчдаа Фермагийн шулмын теоремийн түүхээс нь амс хийлгүүлж буй цайны завсарлага мэт, хөөрхөн аргадаад ч байгаа юм уу гэлтэй, кк.

(Гэвч би нэг зүйлд улайрдаг зангаараа эхлээд гол түүхээ уншиж дуусгасны эцэст дундуур нь хавчуулсан бэсрэг түүхүүдийг дараа нь нэг дор машиндчихсаан, тэр нь надад арай амар байв.)


  • Нэрний тухайд:

Ерөнхийдөө бол энд нээх “философи” энэ тэр яригддаггүй. Ер нь огт дурьдагддаггүй гэж хэлэхэд зохино. Гэлээ гэхдээ надад “Философи, математик, бас бус” нэр нь төгс зохисон мэт санагдахын учир юу вэ гэвэл математикийн гоо үзэсгэлэн, түүний түүх, суут математикчидийн хэдэн зууны турш нухсан ганцхан теоремыг хаялгүй зүтгэсэн тэдний улайрал зэргийг уншвал та хүн төрөлхтөний математикт ингэж солиорон донтохын учир утга юу вэ гэж бодохоос өөр аргагүйд хүрнэ. Математик ч гэлтгүй, аливаа шинжлэх ухааны салбар яагаад “албатай юм шиг” үүсчихээд, бүр нарийсч хөгжөөд, эрдэмтдийг зуун зуунаар нь ховстоод байсны философилог учрыг гайхахгүй байхын арга үгүйеэ.

  • Эцсийн дүгнэлт:

Би номныхоо дунд хавьцаа явж байхдаа нэг их сүртэй юм уншиж байгаа мэт санагдахгүй, амархан уншигдаад л байхаар нь уншаад л байсан юм. (Яахав, унших явцдаа “Би яагаад суут болж төрөөгүй юм бэ” гэж гомдоллоод амжсаныг эс тооцвол, кк.) Гэвч номны төгсгөл… Ээ бурхан минь, ямар ч сүртэй, ямар ч романтик юм! Эйлер, Гаусс энэ тэр гэж байснаа нэг муу математикийн теоремын түүхийг ийм уянгалаг төгсгөх байсан юм уу? Би лав сад тависнаа нуухгүй ээ, кеке. Миний өдөр бүр сууж нарлангаа өдрийн уншлагаа гүйцэлдүүлдэг гэрийн хажуух нэгэн савлуур байдаг юм. Би номын төгсгөлийг унших гээд улайрсандаа хаврын салхинд хага цохиулж буйгаа ч анзааралгүй, савлуурны суудал минь надтайгаа хамт дагжиж байгааг хэдэн арван минутын дараа л анзаарсан шүү. Тэгснээ би бүр уйлчихсан ч байх шиг, какка.




  • Үлдсэн сэтгэгдэл ба мессеж:

Оюутан гэх хүндэт нэрийг зүүх үе тэнгийн оюутан залуус минь, ном дор мөргөн, “ОЮУ-ТАН” гэх нэрээ усалж тордсоор “ЭРДЭМ-ТЭН” гэх нэрийг ургуулан цэцэглүүлэх гэгээн мөрөөдөл дор зүтгэмой. Үгүй, тэгээд эрдэмтэн болохгүй ч суут хүмүүсийн бүтээл, түүхийг уншиж, өөрсдийн гэр болсон тархи оюуныхаа цонхыг нээж өдөр бүр жаахан ч болов гэрэл гэгээ, салхи оруулж байвал мөн сайхан аа?


14:10 | 2020.04.17


コメント


bottom of page