top of page
  • Writer's pictureGaruna publishing

Философи шинжлэх ухаан бас бус…

Ямча


Зохиолч номын өмнөтгөлдөө “Энэ ном таны ертөнцийг үзэх үзлийг ганхуулах вий” гэх бөгөөд философийн гоё сайхныг энэ номоороо бидэнд харуулахыг зорьжээ. Физик болон шинжлэх ухаанд шашнаас илүү итгэж, үнэмшиж ирсэн хүмүүсийн хувьд энэ ном харшлал үүсгэж мэдэх юм.


Богд уулын оройд манан татах үед номын тэмдэглэлийн зураг авалтаа хийлээ.


Бүхнийг эргэлзэх (бодох, тунгаах, сэтгэх) хэн нэгэн оршин буй явдал бол хэзээд үл хувирах туйлын үнэн юм. “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна.” гэдэг үгийн жинхэнэ утга ийм байжээ.


“Хөөе новшоо” гэж дуудахад уурлаж, “Гүн ухаан” гэж хэлэхэд эвшээх учиртай. Энэ бол бидний л зохиосон дүрэм. Олон мянган жилийн турш эдгээр дүрэм журмыг зохиож, баяжуулж, хуримтлуулж, уламжилсаар иржээ.


Pink Floyd — The dark side of the moon



“Гурвалжин гэдэг үзэл суртлын шинжтэй зүйл үнэхээр байдаг. Гэхдээ энэ ертөнцөд биш, хаа нэгтээ,

өөр хэмжээст ертөнцөд оршдог.” — Платон, НТӨ 400 он


Бид ертөнцийн мөн чанарыг яаж ч гүн таньж мэдсэн, физик хичнээн хөгжсөн ч, ирээдүйн тухай мэдэхгүй хэвээр л байна. Ертөнц цаг хугацаатай хамт эмх цэгцээс эмх цэгцгүй рүү чиглэн урагшлахыг энтропи өсөх хууль гэнэ. Тэгвэл энэхүү энтропи өсөх хуулийн эсрэг үзэгдэл буюу эмх замбараагүй дундаас дэг журам төрөн гарах үзэгдэл хаа нэгтээ байх учиртай хэмээн сэтгэж, уг үзэгдлийг ч нээн түүнийгээ сарнидаг бүтцийн онол (Dissipative system) хэмээн эмхэтгэснээр 1977 онд Илья Пригожин нь Нобелийн шагналыг химийн салбарт хүртсэн юм. Энтропи өсөх хуулийг сөрж, дэд хэсэгт дэг журам бий болох энэ үзэгдлийг хэлбэлзэл гэж хэлнэ.



Энтропи өсөх хууль болон хэлбэлзэл бий болох хэсгийг төсөөлөхийн тулд номын хавтасны хэсгээс тасдаж оруулав.


Математикчдын 358 жилийн хүчин чармайлтын үр дүнд 1994 онд анхны амжилттай нотолгоог Эндрю Уайлс гаргаж, 1995 онд албан ёсоор хэвлүүлсэн аж. Уайлс теоремыг батлах явцдаа өөр бусад олон тооны таамаглалуудыг баталсан аж. Бүтэн найман жилийн турш судалсан теоремоо баталсан гэдгээ эхнэр Нада-даа хамгийн түрүүнд хэлэхээр дээврийн хөндийн өрөөнөөсөө бууж ирээд “Арай гэж нэг юм чадсан шүү” гэж байгаа хэсэг бол жинхэнэ супэди (хүү маань өөрт нь маш их таалагдсан юмаа ингэж хэлдэг, супер л гэж байгаа байх). Ид судалгаандаа татагдан шумбан орсон эхний он жилүүдэд эхнэр Нада нь “Төрсөн өдрийн бэлгэнд Фермагийн сүүлчийн теоремын баталгаа авмаар байна.” гэж хүртэл хэлэх маягаар хурцалж, үргэлж хажуугаас нь дэмжиж, түшиг тулгуур болж байжээ.


Энгийнээр тайлбарлавал биднийг хүрээлэн буй нийгэм, улс төр, шашин, сайн дурынхан гээд бүхий л салбар өөр өөрсдийн гэсэн хүрээллээр дэг журмыг бий болгож байдаг. Мэдээж нийт ертөнцийн энтропитой харьцуулах аргагүй ч хүмүүс бидний өчүүхэн нэг залбирал, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлд ч дэлхийг өөрчлөх хүч оршдог. Тэгвэл хүч гэж юу вэ?


Хүч гэдэг бол мөн чанартаа харилцан үйлчлэл юм. Жишээ нь алим газар унах процессийн цаана дэлхийн татах хүчний нөлөөгөөр алим, дэлхий хоёр хоорондоо таталцдаг аж. Хэмжээний хувьд харьцангуй учраас дэлхийн хөдөлгөөн үл анзаарагдаж, алимны хувьд унаж байгаа мэт харагддаг байна. Бүр сонирхолтой нь хоёр хүний хооронд үл ойлголцол үүсэхэд тэр нь хэзээ ч нэг талын 100% буруу байдаггүй. Ингээд бодоход бидний шударга хэмээн итгэдэг шүүх тогтолцоо хүртэл буруу ажилладаг болж таарна.


“Сэтгэл, ой ухаан гэх мэт өнөөгийн физикийн шинжлэх ухаанаар судлагддаггүй ямар нэгэн зүйл л магадлалуудын сонголтыг хийгээд байна.” хэмээн Эрдэмтэн Нейман хэлж байжээ. Тэр сонголтыг хийж, биетийн төлөвийг тогтворжуулаад байгаа хүчин зүйл нь хүний сэтгэл буюу квант физикээс давсан тусгай дээд оршихуй юм.


Хүн төрөлхтөн параллел ертөнц байгаа эсэхийг нягтлах боломж зарчмын хувьд байхгүй. Мэдээж энэ нь параллел ертөнц хэмээх ойлголтын нэг том сул тал юм. Параллел ертөнцийн тайлбар хэтэрхий хийсвэр. Тэр олон ертөнц дотроос яг одоо энэ ертөнцөд бодитоор байгааг тайлбарлаж чадахгүй. Яахав ойрын биднээс арай бодит жишээ татаж үзвэл meta verse, virtual тоног төхөөрөмжүүдийн хэрэглээгээр тайлбарлах гэж оролдож болох юм. Мэдээж энэ нь төсөөлөл төдий учраас тийм ч сайн нотолгоо болж чадахгүй.


Шинжлэх ухаанд хувьсгал хийсэн квант механикийн нөлөө, тэр бол хүн төрөлхтний шинжлэх ухааныг үзэх үзлийг [үнэнийг эрэлхийлэх мэдлэгийн салбар]-аас [инстументалист мэдлэгийн салбар] болгон хувиргаж орхисон явдал билээ.


“Онол зарчим эд бүгд яв цав, дотоод зөрчилгүй байсан ч бүгдийг таамаглал гэж үзэх нь зүйтэй. Тэд бол багаж юм. Бусад бүх багажийн адилаар үнэ цэнэ нь тэдний дотор бус, хэрэглэсний дараах үр дүн, бүтээмжид оршино.”

— Жон Дьюи, Инструментализм


Товчхондоо философийн хэсэг нөхдүүд бидний бат итгэж ирсэн шинжлэх ухаанаар батлагдсан хэмээх ойлголтуудын жинхэнэ дүр төрхийг илчлээд, илчилснээ үгүйсгээд, үгүйсгэлээ дахин няцаах байдлаар ганхашгүй шинжлэх ухааны салбарыг маань шашин, улс төрөөс ялгаагүй нэг барьцгүй төлөвт аваад ирлээ. Тэгвэл бусад хүн судлал, сэтгэл судлалын салбарууд ч ялгаагүй өөрсдийн дэвшүүлсэн онол, практик туршлагуудаа эргэж харахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл аливаа шинжлэх ухааны туршилт нь яг ижил суурь нөхцлийг бүрдүүлж чадахгүй учраас тухайн туршилтаар тухайн онол, томъёо шийдлийг батлах эсвэл няцаах боломжгүй гэж үзжээ.


Хэрвээ би энэ номыг уншаагүй өнгөрсөн бол өөртэйгөө болон бусадтай харилцахдаа гаднах ерөнхий байдал, үг хэлэнд нь л анхаарахаас цааш илүү гүнзгий түвшинд буюу тухайн харилцаж байгаа хүнийхээ дотоод ухамсар, оюун санаатай нь холбоо тогтоож харилцах талаар ямар ч төсөөлөлгүй хэвээр үлдэж, философич Дэвид Жон Чалмерсийн гаргаж ирсэн философийн зомби ангилалд үүрд үлдэх байжээ. Аан тийн Харри Поттерийн 9(3/4) тавцантай хэсгийг орой сууж байгаад уншсаныг ч хэлэх үү, хамаг биеийн шар үс босох шиг болсон доо. Энэ номын дараа унших хэд хэдэн ном байгаа. Бас яг дарааллаар нь уншихыг номын орчуулагч маань надад санал болгосонд тун их баяртай байгаа. Тус дарааллыг доор орууллаа :)

  1. Философи шинжлэх ухаан бас бус…,

  2. Философи математик бас бус…,

  3. Философи цагаан толгой,

  4. Аз жаргалд хүргэх философи: Хамгийн хүчирхэг Ницшегийн сургаал

  5. Нойр хулжаам хувьслын түүх


Commentaires


bottom of page