"Эрдэмтэд нотолжээ гэх үгийг сонссон нийт хүмүүсийн 90 хувь нь тухайн зүйлд шууд итгэдгийг эрдэмтэд нотолжээ" гэх хоржин үг олны дунд нэлээд алдартай. Бодоод үзэхэд ор үндэслэлгүй, хоосон хошигнол биш мэт. Үнэхээр туршилт судалгаагаар нотлогдож, таамаглал бататгал хоёр нь төгс таарсан хариутай хэн маргаж зүрхлэх билээ дээ. Үүнийг л бид шинжлэх ухаан хэмээн нэрлэдэггүй гэж үү.
Тэгвэл бүх л насаараа итгэж ирсэн тэдгээр "эрдэмтдийн нотолгоо", хөдөлшгүй үнэн гэж номлуулж явсан бүхнийг тань эргэлзээ тээнэгэлзэлд хөтөлж, шинжлэх ухааныг илүү хэрсүү өнцгөөс танин, юмсын учир зүйг ойлгох аялалд тань шинэ өнгө нэмж чадах нэгэн сонирхолтой номыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол "Гарүна" хэвлэлийн газар, "ТОМё БОДё"-гоос эрхлэн гаргасан Ямчагийн
Сэтгэл судлал, философи, шинжлэх ухааны хүндхэн сэдвүүдийг тун мэдрэмжтэй бөгөөд хөнгөхөн тайлбарласан сонирхолтой бүтээлүүдийг монгол уншигчдын гарт сорчлон хүргэдэг "ТОМё БОДё"-гийн ээлжит сонголт Японы зохиолч Ямчагийн бичсэн "Философи, шинжлэх ухаан, бас бус" ном ажээ.
Тэд өмнө нь Ямчагийн "Философи цагаан толгой", "Философи, математик, бас бус" хэмээх номыг хөрвүүлэн гаргасан бол ээлжит буухиа нь уг ном хэмээн ойлгож болно. Бидний хүнд хэцүү хэмээн сүрдэж, холуур тойрохыг боддог нарийн төвөгтэй сэдвүүдийг яг л найзтайгаа ярилцаж буй мэт хөгжилтэй байдлаар ядах юмгүй ойлгуулчихдаг гэдгийг ТОМё БОДё-гийн уншигчид мэднэ.
Төвлөрч суудаг уншигч нэг л суултаараа дуусгахуйц багахан хуудсанд их агуулгыг товч, тодорхой багтаасан уг номыг уншиж эхлэхэд мэдүүштэй агуулга, сонирхолтой асуулт, чанартай орчуулга, хөнгөн бичвэрээр хөтөлнө.
Зохиогч Ямча "За тэгэхээр энэ ном бол байгалийн ухаанаар суралцаж явсан бичигч миний бие тэр мэтээр философи сонирхох явцдаа олж мэдсэн "шинжлэх ухаанлаг зөв"-үүдийн талаарх цочирдом сэдвүүдийг цуглуулж эмхэтгэсэн ном юм" гэжээ.
Үнэхээр л "Үнэн" хэмээн итгэж явсан бүхэн тань хэзээ ч няцаагдаж болзошгүй хүчтэй таамаглал төдий байж болохыг бодит жишээ, туршилтаар гадарлах болно. Тэглээ гээд оршихуйн хямрал, үнэн бусын гутралд орохгүй л болов уу.
"Өө ийм байсан юм уу?" гээд одоо ч болов мэдэж авсандаа ханаж, сүүлийн хуудсаа сэтгэл хангалуун хаахуйц тийм л хэв маягтай. Аргагүй ч юм уу, зөвхөн философи бус түүн дээр шинжлэх ухаан, бас бусыг нэгтгээд тайлбарласан юм чинь.
"Философи гээч юм бодит амьдралд хэрэг болохгүй. Тэр ч бүү хэл гай болно гээд хэлсэн ч хилсдэхгүй байх. - Тэгвэл яагаад философиддог юм бэ? - Ердөө амархан. Философи сонирхолтой болохоор л тэр. - Тэгвэл яагаад та философиддоггүй юм бэ? - Ердөө амархан. Философийн сонирхолтойг мэдэхгүй болоод л тэр юм." Философи, шинжлэх ухаан, бас бус
ТУЙЛЫН ҮНЭН БА ТӨГС ГЭЭЧ ЗҮЙЛ БАЙДАГ УУ?
Төгсийг хайсаар, тэмтэрсээр байдаг энэ амьдралд бидний барьж, мэдэрч чадахуйц үнэхээрийн өөгүй төгс зүйл гэж байдаг болов уу? Номд гарч буйгаар бид амьдралдаа төгс хэрчим ч харж байгаагүй гэх. Тэр байтугай уншиж сурахаасаа ч өмнө ялган таньж сурсан гурвалжин, дөрвөлжин дүрсээ ч төгс хэлбэрээр нь хэзээ ч харж байгаагүй гэх юм. Үнэхээр ч хэчнээн төгс өнцөг байлаа ч хэдэн мянган удаа татаж харахад үзүүр нь мохоо байдгийг тайлбарлуулан бодоход эхлэлээсээ л санал нийлэхийг хүсэмгүй ч няцааж чадахгүй "үнэн"-тэй нүүрэлдэх нь тэр аж.
Одоо бидэнд буй бүх л зүйлийн эхлэл болсон математик ч үнэн хэрэгтээ төгс биш гэдгийг мөн л хүлээж авахад бэрх. Эргэлзээгүй та "Үгүй дээ, хэрвээ математик үнэхээр л төгс бишсэн бол одоо бидний ертөнц, эдэлж хэрэглэж буй бүхэн нуран унана шүү дээ. Одоо байгаа бүхэн, сансар судлал, технологийн дэвшил болж л байна, бүтэж л байна даг..." хэмээн бодох байх. Бас л эргэлзэж гүйцэм хариулт энд бий. Тэр нь "Оргүйгээс онол босгох боломжгүй" буюу ямар ч систем ямар нэг эхлэл цэгийг тулж хөгждөг байдал. Харин математик, геометрийн хувьд тэр нь?
Нүдээр үзээгүй зүйлсдээ хэзээ ч итгэхгүй гэж хэлэх мөртлөө “Гурвалжин уу? Түүнийг мэдэлгүй яах вэ” гэх хүн байдаг л байх. Огт үзээгүй юм байж шүү… Философи, шинжлэх ухаан, бас бус
ХӨДӨЛШГҮЙ ҮНЭНГ ТУЛСАН ЭХЛЭЛ ЦЭГ БА ЭЛСЭН ДЭЭР БАРЬСАН БАРИЛГА
Хэрвээ та ном уншихыг хүсвэл эхлээд үсэг сурах, хоол хийхийн тулд хүнсний материал авах, хүүхэд бий болоход сперм хэрэгтэй байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл аливаа шинэ зүйл ямар нэг сэдлээс, эхлэл цэгээс үүсдэг. Тэгвэл онол юунаас үүсдэг юм бол? Юун дээр тулж хөгждөг юм бол?
Тэр нь "ИЛЭРХИЙ ҮНЭН" буюу аксиом юм. Илэрхий үнэнг бүгд хараад л мэднэ, хэн ч батлах шаардлагагүй, түүний араас цаг үрээд ч хэрэггүй. Сайн суурьтай, бат бөх хөрстэй газарт өндөр барилга барьж болох шиг хэн ч үгүйсгэж чадахгүй баттай суурь зарчим дээр онол, шинжлэх ухаан түшиглэн хөгжинө.
Жишээ нь, бие биеэсээ ижил зайд орших (параллель) хоёр шулуун хэзээ ч огтлолцохгүй. Мэдээж шүү дээ. Тэр хоёр шулууныг яаж ч үргэлжлүүлж зураад яг ижил зайтай болохоор хэрхэн огтлолцох билээ.
Түннн... яг ингэж л бодож (төөрөлдөж), түүнд суурилсан шинжлэх ухааны суурь зарчмууд өдөр тутмын амьдралд үйлчилж, бага ангиас л "гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус байна" хэмээн заалгуулж ирсэн билээ. Гэтэл харьцангуйн онолоор огторгуй муруйдаг болохыг мэдсэнээр, мөн гүйцэд бусын теоремоор математик ч төгс бус хэмээн тайлбарласнаар, түүнийг үгүйсгэх аргагүй болсноор бүх л онолууд эргэж сэхэхээргүй саажилт авсан гэх.
Тэгэхээр одоо яах вэ? Урагшлах хэрэгтэй. Ингэхдээ "энэ л үнэн" гэдэгт бус "уг зарчимд энэ онол үйлчилнэ" гэдэг талаас харах, суурь зарчмаа тодорхойлох л үүрэгтэй болох ажээ.
Иймд аливаа шинжлэх ухааны онолын системийг "туйлын үнэний тэмдэглэл" бус ердөө л "тухайн аксиомын хувьд логик зарчмаар мөрдөгдөн бий болох бүхий л шинж чанарын тоочилт" хэмээн үзэх болж. Аксиом өнгөн хэсэгтээ илэрхий үнэн гэгдэх боловч, тэр нь батлагдаагүй, зарим тохиолдолд батлагдах ч боломжгүй гэдгийг мартаж болохгүй.
Гэхдээ одоогоор батлагдах боломжгүй гээд түүнийг бас шууд "үнэн" гэж итгэж болохгүй нь номоо унших явцад эрхгүй ойлгогдож ирнэ. Уншигч миний хувьд энэ бүхэн яг л элсэн дээр барьсан барилга мэт санагдсан юм. Хэдэн 1000 жил оршсон ордныг ч эгзэг нь таарсан нэг л үлээлтээр унагаж болзошгүй элсэн дээр барьсан барилга.
Илэрхий үнэн буюу хэзээ ч хэн ч няцааж чадахааргүй туйлын үнэнд суурилсан хатуу чанд хөрсөн дээр бат бөх барилга барихаар урам зоригтой ажилдаа ортол тоосгоны эгнээ нэмэгдэх бүрд хөрсний чанар нь улам эргэлзээтэй болсоор, түүнийгээ ч илтгэсээр байх аж. Тэгэхээр шинжлэх ухаан "туйлын үнэн" мөн үү? "Эрдэмтэн нотолсон" гэх үг хангалттай баталгаа болж чадахаар байна уу?
ЗӨРЧИЛ БА ЭРГЭЛЗЭЭ:
ТУЙЛЫН ҮНЭН ЭСВЭЛ ШИНЖЛЭХ УХААНЫ НОТОЛГООНД ЭДГЭЭР НЬ БАЙЖ БОЛОХ ЗҮЙЛ ҮҮ?
Номд дурдаж буй олон жишээнээс харахад үнэхээр бидний төгс гэж итгэж буй онол үнэндээ зөвхөн бидний нүдэнд л "зөв" хэмээн ойлгогдож буй суурь зарчимд үндэслэсэн. Тэгэхээр ямар ч төгс онолд ямар нэг зөрчил байдаг гэсэн үг. Шинжлэх ухаанд, тэр дундаа физикийн ухаанд туршилт судалгааг гол баримтаа болгодог. Гэвч хэчнээн туршиж, хэчнээн судлавч энэ нь огторгуйдах бүх боломжийг судалж чадахгүйг харгалзаж үзэх хэрэгтэй.
Жишээ нь, хэрээ бол хар хэмээн судалгааны дүнд нотолжээ гэж бодъё. Энэ ертөнцийн бүх л хэрээг харж чадсан гэсэн үг болох нь. Гэтэл үүнийг хэн нотлох билээ? 1000 хэрээ харавч 1001 дэх нь цагаан байж болно, 100 сая хэрээг судалсан ч 100,000,001 дэх нь цэнхэр байж болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Иймд яг таг судлагдсан сэдэв байна гэдэг бараг л боломжгүй зүйл болж байгаа юм. Эндээс л "Зарчмын хувьд боломжгүй" гэх үг ургах аж.
"...Нэг ёсондоо “зарчмын хувьд боломжгүй” гэдэг бол тухайн онолд зоолттой ямар ч өршөөлгүй өргөс гэсэн үг. Зовлонтой нь, тэр өргөсийг авчихвал онол нь нурна. Учир нь тэр өргөс ч бас онолын нэг хэсэг болохоор тэр. Онолтойгоо хүйн холбоотой юм..."
Бодит байдал дээр ч "төгс амьдрал" гэдэг зүйл байдаг гэж үү? Хүн бүрийн атаархлыг төрүүлж, гайхам сайхан амжилт, баяр баяслаар дүүрэн өнгөрсөн ч сүүдэр талдаа тэр нь алдаа оноо, цөхрөл гунигаар ч тэр хэмжээгээрээ дүүрэн байдаг. Уйтгар гуниг ч бас аз жаргалтай амьдралын салшгүй хэсэг нь болдог гэсэн үг. Цөхрөл гуниг байхгүй бол аз жаргал ч гэж бас үгүй. Шинжлэх ухаанд ч бас адил болох нь.
Тэгвэл шинжлэх ухаанд эдгээр зөрчил, эргэлзээг яавал зохих вэ? Ямар ч төгс үнэн гэж энэ дэлхийд л лав байхгүй юм чинь гээд байгаа зүйлсээ зөнд нь орхих юм уу?
Номын санал болгож буй гарц бол зөрчилтэй тэмцэх бус, харин “тэрхүү зөрчлийг үүсгэж буй аксиомыг (үнэн гэж харанхуй итгээд байгаа тэр зүйлийг) илрүүлж”, “өөрийнхөө аксиомоор орлуулан засах” явдал. Магадгүй бид туйлын үнэнд хэзээ ч хүрч чадахгүй байсан ч хамаагүй, ядаж л түүнийг баттай олж мэдэх тэр үе хүртэл хүрээгүй үр дүнг бодож, хэт философидож, оршихуйн хямралд оролгүйгээр одоо байгаа мэдээллийг ашиглах, одоо байгаа мэдээллүүдээ илүү сайжруулах, хөгжүүлэх сонголт хийх хэрэгтэй.
"...Хэдэн арван жил зөвхөн энэ тухай бодож, бясалгаж, шаналж, ийн шаналсныхаа төлөө талхаа олж иддэг мэргэжилтнүүд хүртэл жишим ч үгүй “Мэдэхгүй ээ” л гэнэ. Тийм байхад бид мэтийн хонины бэлчээр дээрээс холын бараа ширтэх аятай сонины булан цуглуулагчид их л бодож “Яагаад тэд мэдэхгүй байгаа юм болдоо, хөөрхий…” гэхээс илүү юу хэлэх билээ..."
Өөрийнхөө зохиосон дүрмээр өөрийгөө зөвтгөнө гэдэг эцэстээ өөрийнхөө нуусан өмдийг өөрөө хайж буй аятай дэмий хэрэг болно. Философи, шинжлэх ухаан, бас бус
НОМЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД:
- Тэгэхээр товчхон дүгнээд хэлбэл бид юмсыг үнэхээр байгаагаар нь хардаг бус гэрлийг буцааж ойлгож байгаа тэр шинж чанарыг л мэдэрдэг төдий юм.
- Бид хэзээ ч бодит биетийг анзаарч, мэдэрч, хардаггүй. Харин тэнд бөөм гэж бодогдохуйц шинж (бөөмлөг) байдаг учраас “Тэнд бөөм байна” гэж боддог юм. Тиймээс бидний тавих ёстой жинхэнэ асуулт бол “Бидэнд бөөм байна гэж бодогдохуйц тэр бөөмлөг шинжийг үүсгээд буй тэр зүйл яг юу юм бол?”
- Тэгэхээр хүмүүс бидэнд онолын үнэн зөвийг тогтоох туйлын шалгуур байхгүй, байж болох хамгийн сайн шалгуур гэвэл “Энэ онол бидэнд хэр зэрэг тус нэмэр болж чадаж байна вэ?” гэдэг л байна.
- Тийм ээ, хүн хэзээ ч яг таг хэмжилт хийж чаддагүй.
- “Хүмүүс бид ертөнцийн мөн чанарыг яаж ч гүн таньж мэдсэн, физик хэчнээн хөгжсөн ч, ирээдүйн тухай мэдэхгүй хэвээр л байна”.
- Хэрвээ та “Энэ ертөнц бол атом гэдэг бөмбөгнүүд ийш тийшээ нисэлдэж, нийлэхдээ нийлж, задрахдаа задрах байдлаар оршин тогтдог” гэсэн энгийн хялбар төсөөлөлттэй явдаг бол даанч хол ташаа төөрөгдөл дотор амьдарч яваа юм байна даа.
- Ер нь хүмүүс бодитойхон жишээ аваад тайлбарлачихад баргийн юманд итгэчихдэг л дээ.
- “Ертөнцийг бурхан бүтээсэн” гэдэг онолыг няцаая гээд ч арга байхгүй зүйл.
- Та оюун ухаантай нь үнэн ч түүнийгээ бусдад үзүүлэхээс нааш хүлээн зөвшөөрөгдөхгүй. “Оюун ухаантай байх” болон “оюун ухаантайгаа хүлээн зөвшөөрүүлэх” хоёр тусдаа асуудал юм.
- Номыг бүхэлд нь уншиж дуусаад мэдлэгийн асуудлуудад байдаг нийтлэг философилог сэтгэлгээг анзаарах болов уу.
“Онол, зарчим эд бүгд яв цав, дотоод зөрчилгүй байсан ч бүгдийг таамаглал гэж үзэх нь зүйтэй. Тэд бол багаж юм. Бусад бүх багажийн адилаар үнэ цэн нь тэдний дотор бус, хэрэглэсний дараах үр дүн, бүтээмжид оршино”.
Жон Дьюи
Эх сурвалж: https://unread.today/c/book-philosophy-science
Comments