top of page
  • Writer's pictureGaruna publishing

Улс төр эхлэн суралцагчдад: "Том асуулт" ба "энгийн хариулт"



"Ад үзэгдэх зориг", "Жаргалтай болох зориг" номуудаараа бидэнд хэзээний танил болсон Гарүна паблишн “Улс төрд эхлэн суралцагчдад” хэмээх шинэ зурагт ном гаргажээ. Бид өмнө нь амьтад, гараг эрхэс, дэлхийн тухай олон зурагт ном уншиж байсан ч улс төр, нийгмийн тухай мэдлэг гэхээр нөгөө л уйтгартай, он цаг дараалуулсан урт бичвэр, онолуудаар төсөөлдөг. Гэтэл уг номд эсрэгээрээ 8+ насны бүх хүн уншаад ойлгох, өдөр тутмын ярианы сэдэв болдог агуулгуудыг богино текст, хөгжилтэй зургаар илэрхийлсэн нь үнэхээр сонирхол татсан юм. Кембрижийн их сургуулийн профессоруудын бичилцсэн зурагт ном анх 2018 онд Англи улсад хэвлэгдэж, дэлхийн 14 хэл рүү орчуулагдсан байна.



УЛС ТӨР УЙТГАРТАЙ, ШУДАРГА БУС, ЗҮГЭЭР Л “ТОМЧУУДЫН ЯРИА” ГЭЖ ҮҮ?

Манай улсад одоо хаан, хатан байгаа юу, ерөнхийлөгч гэж хэн бэ, “бүхний юмны дарга” хэн бэ, яагаад дайн болдог вэ гээд хүүхдүүдийн асуулт дуусахгүй. Хэрэв танаас ингэж асуувал та юу гэж хариулах бол. Хамгийн товч, зөв хариултыг өгч чадах болов уу? Төр засгийн хэлбэр, улс төрийн тогтолцооны төрөл, сонгууль ба санал өгөх, улс төрийн өөрчлөлт, улс төрийн үзэл суртлууд, том асуулт гэсэн 6 бүлгийн хөгжилтэй зураг бүхий хуудсыг эргүүлэх тоолонд маш цэгцтэй ойлголтыг энэ ном өгнө. Европын улсуудад хүүхэд 8 наснаасаа эхлэн ийм сайн мэдлэг олж авдаг гэж бодохоор гайхширмаар. Гэтэл бид “томчуудын яриа” хэмээн нэрлэж, хүүхдүүддээ худал хариу өгөөд байвал харамсалтай.


ХААН, ХАТАН, НОЁНООС ЭХЛЭЭД КОНСУЛ, СЕНАТ, ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ…

Хүүхэд байхад зайрмаг авах зөвшөөрлийг эцэг эх өгч, тэд үнийг нь төлдөг байв. Тэгвэл улс оронд хэн шийдвэр гаргаж, хэн төлж, хэн хариуцлага үүрдэг вэ гэдгийг энэ номд тайлбарлах болно. Эртний Грекийн Афинд үүссэн дэлхийн анхны ардчиллаас эхлээд саяхан болж өнгөрсөн сонгууль хүртэлх ойлголтыг 128 хуудаснаас авч чадах аж.


Бурхан тэнгэр, омгийн ахлагч, хаан хатан, цэргийн жанжин, ноёноос өгсүүлээд хувьсгал, Ленин, Фидель Кастро, сонгууль, улс төрийн нам… гээд багтаагүй сэдэв гэж энд үгүй. “Том асуулт” бүлэгт хүний эрх, дайн, феминизм, терроризм гэж юу вэ, шорон юунд хэрэгтэй талаар ч тайлбарлаад өгнө. Хичээл, сургалтад сурах бичиг байдлаар ашиглах боломжтой санагдав.


Энэ зурагт ном нь Английн хүүхдийн номын Usborne хэвлэлийн газрын “For beginners” буюу "Эхлэн суралцагчдад" хэмээх цувралын ном бөгөөд Гарүна паблишн тус цувралын “Эдийн засаг”, “Бизнес”, “Мөнгө”, “Хууль” зэрэг номуудыг ч мөн ойрын хугацаанд орчуулан гаргахаар төлөвлөжээ.



ЭНЭ БОЛ ТАНЫ МЭДДЭГ, БАС МЭДЭХ ЁСТОЙ СЭДЭВ

Уг номоос аль нэг сэдвийг нь харахаар нээсэн ч бүх хуудсыг эргүүлж үзмээр хүсэл төрж байлаа. Мэддэг нэрс харагдаж, мэддэг үйл явдал өрнөнө. Бид бага, дунд, ахлах ангидаа, их сургуульд ч хүртэл нийгэм, улс төрийн талаарх хичээлийг үздэг. Учир нь бид нийгмээс зугтааж, дэлхийгээс холдох аргагүй.


Сургуульд 1-р ангийн даргаа сонгох, цэцэрлэгийн бүжгийн хамтлагийнхаа ахлагч болмоор санагдах, фэйсбүүкийн найзууддаа уриалга гаргах, жолооны үнэмлэх авах, хулгайд эд зүйлээ алдах... гээд л бид төрсөн цагаасаа эхлэн нийгмийн элдэв харилцаанд ордог. Зарим зүйлийг хэрхэн шийдвэрлэх, тэр нь зөв буруу эсэхийг мэддэг бол заримдаа эргэлзэж, бусдаас тусламж хүсэх үе ч бий. Бидний зөв гэж боддог зүйлийг бусад хүн буруу хэмээн эсэргүүцэх үе ч зөндөө. Тухайн үед зөв хэмээгдэж байсан үзэл бодол хожим нь буруудсан түүх ч бий. Нэгэн цагт “баатар” байсан хүн хожим “ялтан” болж, эрт цагийн “буруутан” эдүгээ цагаатгагдаж өршөөгдөх нь ч бий.


Хүн төрөлхтөн үүссэн цагаас өнөөдрийг хүртэл хоорондын харилцаагаа зохицуулахаар ирсэн энэ түүх цаашид ч өрнөж, өөрчлөгдөх нь ойлгомжтой юм. Иймд өнгөрсөн түүх, өрнөж буй үйл явдлыг ойлгож, ирээдүйд шийдвэр гаргахдаа “эхлэн суралцацгаая”.




Comments


bottom of page