top of page
  • Writer's pictureGaruna publishing

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "ФИЛОСОФИ ЦАГААН ТОЛГОЙ" DNN.MN


2023.06.18 11:06 | Я.БАЯРБААТАР


"Гаруна” хэвлэлийн газраас хэд хэдэн сонирхолтой ном орчуулж, эрхлэн гаргасны нэг нь “Түүхэн дэх хамгийн хүчирхэг Философи цагаан толгой” гэх бүтээл юм. Энэхүү номыг япон хэлнээс ТОМё БОДё орчуулан гаргажээ. Энэ номд үе үеийн сонгодог 31 философич багтжээ. Гэхдээ энэ ном байдаг л нэг уйтгартай гэмээр ч юм уу биш. Маш сонирхолтой хэлбэрээр бичигдсэн. Сократ, Декарт, Кант, Гегель, Сартр, Аристотель, Адам Смит, Маркс, Есүс Христ, Ницше, Ньютон, Парменид... Уншигч та эдгээр сод философичдийн тухай энэ номоос унших болно.


Эдийн засгийн үйл ажиллагаанд төр хутгалдан орохын эсрэг байр суурийг анхлан үндэслэсэн хүн бол бидний сайн мэдэх Адам Смит билээ. Түүний “Хүмүүсийн хувиа бодсон шунал тачаал, өөрөөр хэлбэл, баяжихын төлөөх хувийн сэдэл л эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм” гэж хэлсэн нь үнэндээ эдийн засгийг ил тодоор, магадгүй хамгийн зөвөөр тодорхойлсон дүгнэлт гэж болохоор. “Нийтээр баяжихын төлөө зүтгэцгээ. Тэгж байж л сая бүх нийтээр аз жаргалд хүрч чадна.”

Орчин үеийн философийн эцэг гэгддэг Декартыг бид бүгдээр “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэдгээр нь сайн мэднэ. Гэвч тэрээр суут математикч байсныг нь мартаж болохгүй. “Х, У тэнхлэг бүхий хоёр хэмжээст координатын систем”-ийг сонсоогүй хүн байхгүй билээ.


Германы сонгодог философич, бүх насаараа ганц бие явсан нэгэн суутан бол Кант. Тэрээр оюун ухааныг дээдлэн үзэгч рациональ үзэлтэн бөгөөд хэн ч бай оюун ухаанаа бүрэн дайчлах аваас үнэн гэгчид гарцаагүй хүрнэ хэмээн итгэгч байсан юм. Кант “Хүнд оюун ухаан дутсанаас бус харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах тэвчээр зориг дутсанаас өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулан хөтлөгдөж явдаг. Тиймээс зориг зүрх гарган өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн нь болооч” гэж хэлсэн нь өдгөө ч үнэ цэнээ огтхон алдаагүй хэвээр байна.


Нэгэн цагт Нобелийн утга зохиолын шагналаас “Ямар ч хүн амьддаа бурханчлагдах нь ямар ч үнэ цэнэгүй” хэмээн татгалзаж явсан эр бол францын философич Сартр билээ. Тэрээр “Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм” гэх үгээрээ алдаршсан бөгөөд түүнийхээр “Эрх чөлөө гэдэг бол юу зөв болохыг мэдэхгүй байхад “өөрөө мэд” гээд хаягдаж орхигдсон түгшүүртэй нөхцөл байдал” ажээ.


Хераклит “Оршихуй хувирна” хэмээж, Парменид “Оршихуй үл хувирна” хэмээв. Чухам энэ хоёр эсрэгцлийн аль нь үнэн бэ. Тэгвэл агуу хоёр сэтгэгчийн дүгнэлтүүдийг өвлөн авсан, оршихуйн асуудлыг бүрэн гүйцээсэн хүн бол Демокрит юм. Тэрээр аливааг тасралтгүй хуваагаад байвал эцэстээ цааш хуваах боломжгүй өчүүхэн туйлын оршихуй болохуйц зүйлд тулж очно гээд түүнийгээ “Атом” хэмээн нэрлэсэн билээ. Атом нь орчлон ертөнцийг бүрдүүлнэ хэмээн тухайн үедээ огт гараагүй байсан сод санааг гарган “Атомын онол”-оо бий болгожээ.


Ердөө 21-хэн настайдаа уламжлалт интеграл, татах хүч, гэрлийн хугарлын тухай суут нээлтээ хийсэн хүн бол бараг бурхан ч гэж хэлж болох Ньютон юм. Энэ агуу хүний нэрийг сонсоогүй хүн соёлт ертөнцөд лав байхгүй. Ерөөсөө Ньютон гэх нэрийг сонсвол “Ертөнц дахины таталцлын хууль” шууд санаанд орж ирнэ. Ньютон яагаад шинжлэх ухааны эцэг гэгддэг болсон бэ гэж үү. Тэрээр “Алим модноосоо газарт унах хүчийг ашиглан сар хэзээ ч газарт унахгүй ээ” гэдгийг тайлбарласанд байдаг. Яагаад сар унаж ирэхгүй вэ гэвэл мэдээж төвөөс зугтах хүч ба сар болон дэлхий хоорондын дотогш тэмүүлэх хүч яг тэнцдэг учраас.

Энэ мэтчилэн суутай 31 философичийн тухай уншигч та энэ номноос олж унших болно. Амтархан унших ширээний тань номны нэг гарцаагүй болох билээ. Философи бол уйтгартай зүйл огтхон ч биш төдийгүй харин ч жинхэнэ гоо сайхан юм гэдгийг эндээс олж харах ажгуу.










Kommentarer


bottom of page