top of page
Writer's pictureGaruna publishing

Нойр хулжаам хувьслын түүх ...


Либертаризм гэдэг бол хамгийн үндэс суурьтаа "Намайг зөвхөн БИ л өмчилдөг", "Өөр хэн ч бус зөвхөн БИ л өөрийгөө мэдэх эрхтэй" гэсэн санааг тунхаглаж, түүнээсээ хөгжүүлж босгосон үзэл санаа гэж хэлж болно. Либертаризмын бүхий л дүгнэлтүүд энэ санаанаас эхээ авдаг.


Харамсалтай нь бүхний эхлэл болох тэр суурь нь даанч худлаа. Үгүйдээ л түүнийг зөвшөөрөн үнэмших нь миний хувьд боломжгүй зүйл.


Учир нь хүн гэдэг амьтны хувьслын түүхтэй тулган харвал либертаризм нь огтоос хүний натурт нийцгүй, жам ёсны бус, зүтгүүлж үзсэн ч явцгүй санаа болох нь илт харагдана. Харин бар, цагаан баавгай ч юм уу, эсвэл наймаалж мэтийн амьтад дуу нэгтэйгээр дэмжиж магадгүй юм.


"Нойр хулжаам хувьслын түүх" номыг уншвал энэ учрыг ойлгон санал нийлэх болов уу гэж санана.

Гэхдээ либертаризм бол байх ёстой үзэл. Байж болох үзэл. Цаашид ч байсаар байна, байх нь ч зөв. 1,000 хүн тутамд 5, 10 либертарианчууд байх нь өөрөө ердөө ч хэвийн бус хэрэг биш. Угаас 1,000 хүн дунд ганц нэг хулгайч, хэд гурван худалч, хэдэн гаж донтон, ганц өөгүй тэгш хүн байдаг л биз дээ? Тэр мэт бүх төрлийн хүн зэрэгцэн орших нь өөрөө биологи талаасаа хамгийн хүсэмжит төлөв шүү дээ. Яахав, өөрийн төрлийн хүнээ улам үржиж олшроосой, миний л харах өнцөг хамгийн зөв нь гэж харанхуй итгэх нь би ч ялгаагүй хэн хүнгүй ижил биз. Гэхдээ л хувийн зүгээс либертари үзэл Монголд дэлгэрэхийг нэг их таашаамгүй байна.

Угаас эвлэж нийлэхдээ маруухан монголчуудын хувьд либертаризм бас л нэг цаг үрсэн хий дэмий хэрүүлийн алим шидэлж, бас л нэг шал дэмий талцал үүсгэхээс өөрийг гавихгүй биз.


Эцэст нь гэж хэлэхэд "Жинхэнэ ясны либертариан хүн өөрийгөө нийгмийн сайн сайхны төлөө нэрийн дор үг хэлэх өчүүхэн ч ёс суртахууны эрхгүй гэдгээ мэддэг. Тэрээр өөр хэн ч бус зөвхөн өөрийнхөө төлөө гэдгээ ил тод зарлан байж ухуулгаа хийдэг билээ".







Comments


bottom of page