top of page
  • Writer's pictureGaruna publishing

Нойр хулжаам хувьлын түүх ...

Орчуулагч би ном унших дуртай, уншсан номоо бусадтай хуваалцах байнгын хүсэлтэй боловч, миний сонирхсон ном тэр болгон массын сонирхолтой давхцдаггүй нь гачлантай.

Анх энэ номыг санаандгүй нээгээд унштал тэр дороо олзлогдоод, сүүлийн хуудсыг эргүүлэх хүртлээ тавьж чадахгүй дуусгаж орхисноо санадаг юм. Тэгээд уншиж дуусаад хамгийн түрүүнд бодсон зүйл гэвэл "Бушуухан энэ номыг орчуулаад, өөр олон хүмүүст уншуулъя!". Тэгтэл хэсэг хугацааны дараа тайвшраад иртэл өөр бодол төрж ирэв: "Биологийн ном шдээ. Монголд хэн л сонирхов гэж. Надад таалагдсан гэдэг бол бусад хүмүүст таалагдахгүй л гэсэн үг. Орчуулна гэж цагийн гарз, дээр нь ном болгоно гэвэл мөнгөний ч гарз". Гэсэн ч дахиад хэсэг хугацаа өнгөртөл "Үгүй ээ, тийм байсан ч хамаагүй, орчуулмаар л байгаа бол орчуул. Цаг урсана л биз, мөнгө үрэгдэнэ л биз. Хамгийн гол нь чи ганцаараа ийм юм уншчаад, өөр хэн ч чиний уншсаныг мэдэхгүй байвал ямар загатнасан хөгийн мэдрэмж төрөх бол? Ирээдүйд хийлгүй орхисондоо харамсмаар байна уу? Эсвэл яах гэж хийв дээ гэж харамсмаар байна уу? (алинаар нь ч явсан харамсал төрөхийг бол мэдээд байгаа юм)". Ингээд эцэстээ орчуулахаар санаа шулуудсан юм.

Ямартай ч одоо ингээд ном болон биежиж, та түүнийг гартаа бариад зогсож байгаа нь их ажлын ард гарсан мэт таатай мэдрэмж төрүүлж байна.

Хэдийгээр энэ номын сэдэв биологийн хувьсал боловч, зүгээр нэг биологийн анхан шатны мэргэжлийн мэдлэг бус цаанаа хүний оршихуй хийгээд бидний нийгэм, түүний утга учрыг ч хөндсөн философийн ч гэмээр уур амьсгал бүрдүүлсэн нь магад миний сэтгэлийг татсан гол шалтгаан байх.


Монгол хөгжихгүй байна, Улаанбаатар түгжрилтэй, утаа нь архагшсан, төр нь авилгажсан, иргэд нь ууртай. Энэ бүхний шалтгаан нь магадгүй бид хангалттай хамтарч чадахгүйд байгаа ч юм билүү. Тэгвэл яагаад хамтарч чадахгүй байгаа юм бол? Бид яагаад сав л хийвэл нэгнээ хардан үл итгэж, биесээ залилж, урваж шарваад ч хамаагүй амиа бодох хандлагатай болчив оо? Чөлөөт зах зээл гэдгийг “Амь амиа бодоорой (хамтрах биш урвацгаая)” гээд ойлгочихсон юм болов уу? Бас яагаад өндөр хөгжилтэй гадны улсууд өндөр хөгжөөд байдаг юм бол? Тэндэхийн хүмүүс том том компани болон нэгдэж хамтраад яваагийн үр дүн үү? Тэд хамтраад, бид бутраад байгаа нь бидэнд урвагчдыг зохицуулах хангалттай сайн тогтолцоо бүрдээгүйд байна уу? Магадгүй хууль эрхзүйн тогтолцоондоо байна уу? Эсвэл нөгөө Ултиматум тоглоомын тактикаар явахгүй, анх танилцсан хүнээ шууд хулхидах гэдэг зуршил хавтгайрснаас болоод нийгмээрээ үл итгэлцлийн намагт шигдчихсэн юм болов уу? Гэх мэтээр өдий төдий бодол толгойд эргэлдэж, биологи уншсан биш улс төржихийн наагуур халуурч ч болно. Хэрхэн хүлээж авах, юу шүүрч үлдэх нь уншигч авхайн ухаан мэдэх хэрэг биз.

Харин биологийн ном гэдэг утгаар нь биологи чухам бидэнд бодитоор яг ямар хэрэгтэй вэ гэдэг талаар ойр зуурын хувийн бодлоо хөнгөхөн хуваалцаад орхиё. 19-р зуун химийн шинжлэх ухааны эрин, 20-р зуун физикийн шинжлэх ухааны эрин байсан бол 21-р зууныг дэлхий даяар дуу нэгтэй биологийн шинжлэх ухаан, тэр дундаа молекул биологи буюу генетик инженерчлэлийн эрин гэж үзэж байна. Молекул биологийн суурь нээлтүүд 20-р зуунд хийгдсэн бол одоо тэдгээр нээлтийг бодит хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах нөр их ажил хүн төрөлхтний өмнө хүлээгдэж байна. Хэрвээ та, эсвэл таны хүүхэд цаашдын ажил амьдралын замаа шийдэхээр зэхэж байгаа бол энэ фактыг бодолцон үзэхэд ер гэмгүй гэж санагдана. Залуу хүн танд цалингаас цалингийн хооронд “Монголын зовлон”-той зууралдан амьдрах бус дэлхийн хүн болох боломж байна. Цаашлаад манай улсын хөгжлийн бодлого стратеги ч бас бусад улс орны чиг хандлагатай уялдаж явах ёстой болов уу. Тэр утгаараа бид биологид анхаарлаа хандуулах нэн шаардлагатай юм.

Нөгөө талаар жирийн хувь хүмүүст ч бас биологийн суурь мэдлэг, ерөнхий баримжаа улам хэрэгтэй тийм цаг үед бид амьдарч байна. Саяхны коронагийн цар тахлын үеэр л гэхэд масс хэрхэн мэдээллийн бөмбөгдөлтөд ханаралдаж, сонссон болгондоо итгэн үймэхийг харцгаалаа шүү дээ. Бидэнд аливаа мэдээллийг сонсоод үнэн худлыг баримжаалах суурь мэдлэг, ерөнхий ойлголт байхгүй байгаагийн л илрэл. Цаашид ч бас үүн шиг том цар тахал биш юм гэхэд өдөр тутмын эрүүл мэндийн элдэв асуудал дээр ч бас биологийн суурь мэдлэгийн хэрэглээ гарсаар л байна. Адгийн наад зах нь “Ямар ч харшил үүсгэдэггүй барааны саван” гээд рекламдахад та тиймэрхүү тархи угаалтын өмнө хамгаалалттай байх ёстой юм.


Эцэст нь зохиогчийн өгүүлсэнчлэн биологийн хувьслыг танин мэднэ гэдэг бол та өөрийгөө ч танин мэдэж буй явдал болно (угаасаа бид чинь биологийн биет шүү дээ). Ер нь аливаа эрдэм мэдлэгт улайран шамдах нь өөрөө нэгэн төрлийн бясалгал байдаг. Зэн буддистуудын хэлэх нь “Дархан хүн дарханы үйлдээ шамдахын хэрээр гэгээрэлд дөхөж, зураач хүн зурахдаа улайрах тусам гэгээрэлд дөхнө” гэдэг. Өөрөөр хэлбэл хүн бүр өөр өөрийнхөө замаар, өөр өөрийнхөө эрдмээр гэгээрэлд хүрэх боломжтой гэж үздэг. Биологийн ном уншсаар байгаад гэгээрэлд хүрээрэй гэж хэлэх гээгүй ч, гол нь хүн бидэнд байдаг сониуч зан гэх байгалиас заяагдсан тэр хэрэгцээ шаардлагаа унтраагаад алдчилгүйгээр байнга өдөөн тэжээж явах нь өөрөө нэгэн төрлийн бясалгал юм болов уу гэсэн мессеж дээрх үзлээс уншигддаг юм. Тэрхүү сониуч зан, танин мэдэх хүсэл гээч байгалийн хэрэгцээг тань өдөөн бадраахад чухам тохирох сэдвүүдийн нэг бол яах аргагүй биологи гэж санагдах билээ. Эл номыг энэ хүртэл уншсан та ч бас надтай бүрэн санал нийлэх биз ээ.


Ном бүтээлцэхэд гүн туслалцаа үзүүлэн хамтарч ажилласан гэр бүл, найз нөхөд, ах дүүс, хэвлэлийн компани, хэвлэх үйлдвэр, тэгээд бас уншигч танд гүнээ талархъя. Номын талаар сэтгэгдэл, шүүмж байвал блог, твиттер, фэйсбүүкээр дамжуулан харамгүй илгээнэ гэдэгт итгэж байна. Аз завшаанаар олны таашаалд хүрэх аваас дараа дараагийн шинэ адал явдалд хөтлөх урам болохыг ч үгүйсгэхгүй биз ээ.


Хамтрал мандтугай!






Comments


bottom of page