top of page
  • Writer's pictureGaruna publishing

Жолоодогч [Китагава Ясүши] | Эрдэм Номт #10/10 оноо

Аз хур номын санд ном худалдаж авах санаагүй боловч аятайхан юм таарвал авсан ч яахав гэх маягтай хагас цаг орчим эргэлдэж байгаад гарахын даваан дээр нүдэнд туссан ном бол “Жолоодогч” байлаа. Тэгээд номыг аваад эргүүлтэл Томё Бодё орчуулга гэж байхаар нь бүр ч эргэлзээгүй шууд авсан даа. Эхнэр бид хоёрын нэг танил Япон хүний хэлсэн үг энэ номыг уншаад шууд л бодогдсон доо. Юу гэсэн бэ гэхлээр: Япон хүмүүс дөч хүртлээ өөрийн энэ амьдралдаа хийх ажлаа олсон байх ёстой бөгөөд үлдсэн амьдралдаа түүнийгээ л хийдэг гэсэн утгатай зүйл хэлж байсан санагдана. Номын гол дүр маань 45 настай Шүичи хэмээх даатгалын компанид ажилладаг зуучлагч эр. Гэсэн хэдий ч өөрийн өдөр тутмын нэгэн хэвийн үргэлжлэх энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус, дүнсгэр, цаанаа л нэг амьгүй урвагар байдлаар дүрсэлсэн нь өнөө цагийн олон Япон хүмүүсийн дүр төрхийг илтгэсэн санагдлаа.


Дээр өгүүлсэн Япон танилын маань хэлсэн үг, миний дотоод дуу хоолой, цаашлаад энэ номыг унших цаг хугацаа нь ингэж таарч байгаа нь туйлын гайхмаар… Бидний амьдралд хэн нэгэн чиглүүлэгч хүн гарч ирээд шидтэй мэт (өнгөрсөн, одоо, ирээдүйг хардаг) зааварчилгаа өгөөд байвал юу болох бол. Гэхдээ тийм чиглүүлэгч хүн бүхэнд байдаг гэвэл та итгэх үү. Итгэхгүй байгаа бол, бас дөч гарсан ч амьдралын зорилго чиглэлээ олоогүй яваа бол энэ номыг заавал унших хэрэгтэй. Ямар нэг ид шид бус яг л энэ хорвоогийн амьдралын хууль, дүрэм журам гэж байдаг бол түүнийг энэ номоос тун сонирхолтой байдлаар олж мэднэ.


Ямар ч байсан үүнийг битгий мартаарай. Аз огцом шовойдог эгшин, тийм газар гэж амьдралд байдаг юм. Түүнийг барьж авдаг антенн хүн бүхэнд байдаг бөгөөд тэр антенн өөдрөг, цоглог байх үед хамгийн сайн ажилладаг юм. Эсрэгээрээ ааш муутай байх үед тэр антенн огт ажиллахгүй. Тиймээс хаана ч, хэзээ ч өөдрөг, цовоо, гэгээлэг байхад л болно. Хаана ч, хэзээ ч шүү…

Товчхондоо тун энгийн. Хүний байгаа орчин, өөрийгөө авч яваа байдал, амьдралд хандах хандлагаас түүний одоо хийгээд ирээдүйн амьдрал шууд хамаарна. Дүнсгэр, аз жаргалгүй мэт, дуугаа хураасан, чухал царайлсан дүр төрхийг Японы түм бужигнасан метроны буудлаас ч тэр, Улаанбаатар хотын гудамжаар ч тэр дүүрэн харж болохоор…


ЭЕРЭГ ХАНДЛАГААР ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ИНЭЭМСЭГЛЭЖ АМЬДАР :)


Сапиенс номноос уншсанаар бид бүх цаг үеийн хамгийн тайван гэж хэлж болохуйц гоё цаг үед амьдарч байгаа. Тэгвэл энэ сайхан цаг үеийг бидэнд өгөхийн тулд бидний өвөг дээдэс ямар хэцүү бүхнийг өөрийн цус, нулимс, амь биеэрээ төлөөс хийж, туулж ирснийг заавал мэдэж байх ёстой. Цаашлаад хүн өөрийгөө үүрд үргэлжлэх уртаас урт амьдралын түүхийн өчүүхэн нэг хэсэг гэдгээ ухамсарлах нь маш чухал. Яг одоо, зөвхөн надад гэсэн өчүүхэн бодолд хэт хүлэгдсэнээс болж өөрийгөө азгүй нэгний дүрээр олж харах нь бий. Шашны сургаалиуд дээр ч гардаг үйлийн үр, карма гэх ойлголтуудыг илүү энгийнээр тун гайхалтай тайлбарлаж чаджээ…


Унших хэрэгтэй ном гэж хэлээд 10/10 оноог өөрийн зүгээс өгч байнаа.


https://www.facebook.com/ErdemNomt2


Comments


bottom of page