top of page
  • Writer's pictureGaruna publishing

23.9.26 | Номын тэмдэглэл #3.25

Аз жаргалд хүргэх ФИЛОСОФИ | Ямча


Ямарваа нэг сэдвийн хүрээнд мэдэхийг хүсэж байвал ганц туйлыг барьж авах нь явцгүй. Мөн түүнчлэн ямар ч сэдэв байсан тэдгээрийн дотор эсрэгцсэн ойлголтууд байсаар байдаг ба хүн өөрөө хэдий чинээ олон туйлуудыг хооронд нь огтлолцуулж харьцуулна, төдий чинээгээр ойлголтыг гүн хэмжээнд нь хүртэл бий болгох бололцоог өөрөө өөртөө бүтээж чадна.

Нэрт сэтгэл судлаач Карл Юнг нэгэн цагт "Үндэс нь тамд хүрээгүй л бол ямар ч мод диваажинд хүртэл ургаж чадахгүй" хэмээн хэлсэн байдаг.

Амьдрал дээр ч тэр хүн жаргахаасаа илүүтэй зовох тусмаа л амьдралын үнэ цэн, мөн чанар, үнэн мөнийг олж харах нь илүүтэй байдаг шиг юмны нэг тал руу хэт туйлшрах бус, эсрэг өнцгөөс нь, өөр талаас нь харж чадвал, харах нүдийг нээж чадвал ойлголтын цар хүрээ өргөснө үү гэхээс биш хумигдах нь үгүй...

Энэхүү номонд агуу сэтгэгч, германы нэрт философич Фридрих Вилхелм Ницшегийн эрс хурц үзэл санаа, түүний бүтээлүүд, тэдгээрийн томоохон агуулгыг диалоги буюу 2 хүний харилцан яриа хэлбэрээр хэнбугай ч уншаад ойлгохуйц хөнгөхөн хэлбэрээр тун хөгжилтэй ч гэмээр өнгө аясаар өгүүлэх болно.


Номын хэсгээс:

“Ницшегийн философи (хар философи)-ийн үндсэн үзэл санаа нь: ⁃ Хүн бол “бодит оршихуй” ⁃ Тиймээс “харж, барьж болдоггүй бодит бус зүйлсэд” баригдаж амьдрахаа больцгооё! гээд байгаа шүү дээ. Тэрхүү бодит бус зүйлс гэдэгт нь “нийгмээс тулган хүлээлгэсэн үнэлэмжийн хэмжүүр” болон “ёс суртахуун” ч бас багтана.”


“”Хүн ийм байх ёстой”, “Эмэгтэй хүн ийм байх ёстой”, “Эрэгтэй хүн ийм байх ёстой”, “Самурай хүн ийм байх ёстой” гэх мэтээр “Тэр тэрийн мөн чанар нь ийм” гэсэн ярианууд бүгд тухайн цаг үед, тухайн бүс нутагт хэн нэгэн хүний санаан зоргоороо бодож олсон “хоосон оршихуй”-гаас цаашгүй зүйлс л байдаг юм. Гэтэл хүн гэдэг чинь “бодит оршихуй”, өөрөөр хэлбэл “экзистенц” юм чинь тэр мэт “харж ч, барьж ч болохгүй, байдаг ч үгүй зүйлсэд” баригдаж, өөрөө өөрийгөө хөөрхийлөн бодох ямар ч шаардлагагүй.”


“Нийгмээс тулган хүлээлгэсэн “үнэлэмжийн хэмжүүр”-үүд хэчнээн ердийн ойлголт мэт санагдлаа ч начир дээрээ бүгд “тайлбар”-уудын л нэг буюу хожим нь зохиогдсон бодит бус зүйлс төдий. Гэтэл үүнийг “ертөнцөд угаасаа л оршин байсан мушгихын аргагүй абсолют факт” мэтээр муйхарлан бодох нь зовлонгийн шалтгаан юм.”

“Таумазейн. Грек хэлээр “гайхширал” гэсэн утгатай үг л дээ. Эрт цагийн мэргэн хүмүүс “Гайхширал (таумазейн)”-аас философи… , өөрөөр хэлбэл “мэдлэгт дурлах” сониуч чанар төрдөг гэж үздэг.

Үнэхээр ч эртний Грекийн философичид бүгд “Ертөнц яагаад оршино вэ? Амьтад яагаад төрдөг юм бол?” гэсэн “гайхширал” дээр суурилан философидож эхэлсэн байдаг.”

“Өнгөрсөн нэгэнт дуусчихсан, ирээдүй хараахан эхлээгүй байгаа учир мэдээж “бодит оршихуй” биш. Тэр утгаар нь харвал “бодит оршихуй” гэж хэлж болох нь зөвхөн “одоо, энэ мөч”. Бас экзистенциализм “Байдаг ч үгүй бодит бус зүйлсэд шаналан аз жаргалгүй байхаа больцгооё” гэсэн байр суурь баримталдгийг санаарай! Бодит бус “өнгөрсөн” ба “ирээдүй”-д хэт анхаарал хандуулж, “энэ мөч”-ийг анзаарах ч үгүй, зөвшөөрөх ч үгүй, зүгээр л амьд яваагаа “жинхэнээсээ амьдарч байна” гэж хэлж болно гэж үү?”


“Ямар ч мэргэн, алдартай үгс тийм л байх, сонсох төдийд ямар нэгэн зүйл сэхээрч ойлгосон мэдрэмж төрүүлдэг ч гэлээ тэр мэдрэмж өдөр хоног урсахын эрхэнд бүдгэрсээр нэг л мэдэхэд буцаад хуучин өдөр хоногууддаа амьдарч явдаг.”

"Амьдрахуйд нөлөөлөхүйц хэлбэрээр мэдлэгийг олж авахгүй л бол байдаг л "хөндий мэдлэг" болж хувирна. Номоос олсон мэдлэгээ "үгээр ойлгоод" өнгөрөх бус бодитоор "туршлага" болгон хувирга!"

“Бүхний дээд нь гагцхүү урлаг! Тэр бол амьд явах боломжийг нээж өгдөг агуу зүйл юм!"

“Хүч чадлын санаархал = Өөрийн хувьд “гоё” гэсэн зүйл рүүгээ тэмүүлэх гэсэн оюун санааны эрмэлзэл” “Урлаг = Өөрийн хувьд “гоё” гэсэн зүйлээ илэрхийлж буй үйлдэл”


"Өөрийн "үзэсгэлэнтэй, сонирхолтой гэж боддог зүйл"-ээ "энэ мөчид" мэдэрч бас илэрхийлж дүрсэлснээрээ зугаатай амьдарч чадаж байгаа маань л хамгаас чухал."


#НомУнш https://www.facebook.com/photo?fbid=6692593554182022&set=a.5877489232359129 @Э.Амарбаясгалан


Comments


bottom of page