Өдөр тутмын амьдрал дахь ер бусын физикийн талаар хууч хөөрье!
Зохиогч ЧАД ОРЗЕЛ:
..."Шинжлэх ухааныг зөвхөн мэргэжлийн хүмүүс ойлгоход хангалттай буюу бусад салбар, чиглэлийн хүмүүс тэгтлээ сонирхоод байх шаардлагагүй мэтээр нийгэмд хүлээн авч байна"...
Туршлагаас харахад хүүхдүүд дунд, ахлах ангид ороод шинжлэх ухааныг сонирхох нь багасдаг шүү дээ. Манай Португал улсад гэхэд 10-р ангийн сурагчид математик, физикийг тэр бүр сонгон судалдаггүй. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Бид бага балчир насандаа эргэн тойрныхоо бараг бүх юмыг сонирхон гайхширдаг. Харин томрох тусмаа хувь хүний зан араншин, өгөгдөл чадвартаа үндэслэн тодорхой зарим зүйлийг бусдаас илүү сонирхон судлах хандлагатай байдаг. Түүнчлэн сургуулийн хичээлүүд ч улам нарийсан төрөлждөг шүү дээ. Шинжлэх ухааны хичээлүүд ерөнхий агуулгаас хальж, математик тэгшитгэл, томьёонуудаар дүүрэн болж ирдэг бол унших төрлийн хичээлүүдэд зүгээр уншихаас илүү тухайн агуулгын задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх гэх мэт зүйлсийг хийх шаардлагатай болдог.
Чухам энэ үеэс зарим хүүхэд сайн эрдэмтэн судлаач болоход шаардлагатай ур чадваруудыг сурч, хөгжин тухайн хичээлдээ улам татагдаж эхэлдэг. Гэтэл нөгөө талд тэрхүү ур чадваруудыг төдийлөн эзэмших хүсэлгүй хүүхдүүд байж болно. Сонирхолгүй учраас тэр чиглэлийнхээ зүйлсийг бага оролдоно. Улмаар шинжлэх ухаан, математикийн хичээлийг хүнд хэцүү гэсэн нүдээр харж, өөр чиглэлээр суралцах замыг сонгодог. Үүнтэй адилаар уран зохиолын задлан, дүн шинжилгээ хийх аргыг сураагүй хүүхэд байлаа гэхэд бас л энэ чиглэлээр суралцах сонирхлоо гээж, аливаа бичвэрийг унших болон ойлгох чадвар нь утга зохиолыг сонгон суралцдаг хүүхдээс арай бага түвшинд хөгжинө.
Гэхдээ зүгээр ээ. Байх л ёстой зүйл. Гол асуудал нь нийгэмд математик, шинжлэх ухааны салбарыг бусад салбараас тусгаарлачихдагт байгаа юм. Уран зохиолын салбарт харин тийм зүйл байдаггүй. Эрдэмтэн судлаач, математикч хүн хүртэл дуу хөгжим сонсож, уран зохиол уншиж, урлагийн музейд зочилж, нэг ёсондоо "хүмүүнлэг"-ийн салбарыг сонирхогчийн хувиар сонирхож л байдаг. Гэвч математик, шинжлэх ухаанаар суралцаагүй ч гэсэн эдгээр салбарыг сонирхогчийн түвшинд судлан таашаадаг хүн харьцангуй цөөн байдаг. Шинжлэх ухааныг зөвхөн мэргэжлийн хүмүүс нь л ойлгоход хангалттай буюу бусад салбар, чиглэлийн хүмүүс тэгтлээ сонирхоод байх шаардлагагүй мэтээр нийгэмд хүлээн авч байна шүү дээ.
Энэ л миний бодлоор жинхэнэ асуудал болоод байна. Хүүхдүүдийн тодорхой хэсэг нь математик, шинжлэх ухааныг мэргэжлийн түвшинд сонгон судлахгүй байж болно оо. Урлаг, уран зохиолыг сонгон судлахгүй байгаа хүүхдүүүд ч нөгөө талд бий. Гол нь математик, шинжлэх ухааны чиглэлээр мэргэшихгүй ч гэсэн сонирхогчийн түвшинд мэдэх ёстой зүйлээ мэдэхээс татгалзаад байгаа юм. Хэрвээ хэн нэгэн хүн огт уран зохиол уншиж, урлаг сонирхдоггүй гэвэл бусад хүн ихэд гайхна. Гэтэл өөр нэг хүн шинжлэх ухаан сонирхдоггүй гэвэл "Аан, шинжлэх ухааны хүн биш юм чинь аргагүй, аргагүй" гэж хүлээж авдаг шүү дээ. Иймээс л хүмүүс шинжлэх ухааныг заавал ойлгож, сурах албагүй гээд орхиж байна.
Хүүхдүүдийг хэрхэн шинжлэх ухаан, инженерлчлэл, математик, технологийн (ШИМТ) салбарт дуртай болгох вэ?
Шинжлэх ухааны талаас бол бид хийх ёстой зүйлээ л хийх ёстой. Сургалтын түвшин бүрд шинжлэх ухааны хичээлийг улам хүртээмжтэй, сурагчдад ойлгомжтой байхаар зааж эхлэх хэрэгтэй. Намайг бага байх үед яаж зааж байсан бэ түүнээсээ мэдээж ахиж дэвших ёстой. Түүнчлэн шинжлэх ухааны хичээлийг илүү интерактив байдлаар, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх маягаар төлөвлөн ордог болчихвол ирээдүйд төрөн гарах физикчдийн тоо нэмэгдэнэ ээ гэсэн үг. Харин хичээлээс гадуур бид үр хүүдүүддээ шинжлэх ухаан гэдэг уйтгартай, хэцүү бас номын хэнхэгтэй хүмүүс сурдаг мэтээр ойлголт төрүүлэхгүй байх хэрэгтэй. Үүний тулд томчууд бид өөрсдөө энэ хандлагаа эхлээд өөрчлөх шаардлагатай юм.
Таны бичсэн номуудаас физик бидний өдөр тутмын амьдралд ямар ойр болохыг ойлгож болохоор санагдсан. Тэгвэл та мэргэжлийн бус хүмүүст өөр ямар номуудыг уншаарай гэж санал болгох вэ?
Шинжлэх ухааны холбогдолтой ном маш олон бий. Уншигчид өөрийн хэрэгцээ шаардлага, сонирхолдоо нийцсэн аль ч номыг олоод унших боломж байна. Тухайлбал, комик уншдаг хүмүүс Жим Какалиогийн "Супер баатруудын физик /The physics of Superheros" гэдэг номыг уншиж болно. Бас Диандра Лесли-Пелекигийн "НАСКАР-ын физик /The Physics of NASCAR/" гэдэг сайхан ном бий. Машины уралдаан сонирхогчдод яг л таарах ном.
Харин нийт уншигчдад хувь хүний түүх өгүүлсэн номуудыг би ихэнхдээ санал болгодог. Жишээ нь: Аманда Гефтерийн "Trespassing on Einstein's Lawn" гээд шинжлэх ухаан болон хувь хүний дурсамж, түүхийг хослуулан бичсэн ном бий. Зохиогч эмэгтэй физикч Жон Уилирийн ажлаар дамжуулан аавтайгаа хамт квант физикийг ойлгох гэж хичээж буй тухай өгүүлнэ. Үүнээс гадна Дэвид Линдлейгийн "Тодорхой бус байдал /Uncertainty/" гэх номд 1910-аас 1390 он хүртэл квант физик хэрхэн бүрэлдэн хөгжсөн тухай гардаг бол Луиза Гилдерийн "The Age of Entanglement" номд квант физикийг үндэслэн хөгжүүлсэн эрдэмтэд хоорондоо харилцан ярилцаж буй байдлаар квант физикийг дүрслэн бичсэн байдаг. Физикчдийн хоорондоо солилцож байсан захиануудаас харилцан яриаг зохиосон юм байна лээ. Мөн Жеф болон Таня Бабын квант философийг дүрслэн бичсэн "Totally Random" тэргүүтэй романууд бас бий.
Танд үлгэр дуурайлал авдаг хэн нэгэн бий юу?
Докторын судалгааны ажлын маань удирдагч Бил Филлиф гэж хүн бий. 1997 онд физикийн салбарт Нобелын шагнал хүртсэн. Хамгийн сайн судлаачдын нэг дээ. Хувь хүнийхээ хувьд ч их сайн хүн. Шинжлэх ухаан гэлтгүй ер нь аль ч сэдвийн талаар бусад хүнтэй тун найрсагаар яриа өрнүүлдэг. Би өөрөө ч олон хүний өмнө ярих зарим арга техникээ Биллээс сурсан (Билл ч бас өөр хүмүүсээс суралцаж ярих чадвараа хөгжүүлсэн гэдэг). Бас Биллээс үлгэр дуурайлал аван хүмүүсийн асууж буй асуултыг сайтар сонсон хүлээцтэй хандаж, найрсаг харилцахыг ихэд хичээдэг дээ.
Төгсгөлд нь асуухад их сургуулийн профессорын хувьд хамгийн заах дуртай хичээл тан юу вэ?
Харилцан адилгүй. Гэхдээ энэ семестерт орж байгаа "Орчин үеийн физик" гэж буруу нэрлэгдсэн хичээлээ хэзээд дуртайяа заадаг шүү. Энэ хичээлээр оюутнууд "харьцангуйн онол" болон "квант механик"-ийн талаар үздэг. 1900-аас 1950 оны хооронд бүрэлдэн бий болсон онолуудыг миний бие заадаг гэсэн үг. Бас хэвлэн гаргасан номууд маань энэ сэдвүүдийн хүрээнд байдаг. Номд дүрслэн бичсэнтэй харьцуулбал энэ хоёр онол бодит төрхөөрөө бол чамгүй математик агуулсан байдаг шүү.
Ер нь би аль ч хичээлийг хоёр дахь юмуу гурав дахь удаагаа заахад хамгийн дуртай байдаг. Эхэлж заахад заавал ямар нэг алдаа гаргасан байдаг. Харин давтаж заах үед юуг хэрхэн тайлбарлах вэ, оюутнуудад хэрхэн туслах вэ гэдгээ харьцангуй сайн мэддэг болчихдог л доо. Тиймээс ингэж давтаж заавал зугаатай байдаг.
Гэхдээ нэг хичээлээ дөрөв дэх удаагаа давтаж заахад бага зэрэг уйдаж эхэлдэг л дээ. Тэр үедээ би хэсэг зуур өөр хичээл заадаг. Мөн өмнө нь ашиглаж байсан хичээлийн тэмдэглэлүүдээ бүгдийг нь хаяад бүхнийг шинээр эхэлдэг. Тухайлбал, хамгийн эхний танилцуулга хичээлээ тогтмол шинэчлэн өөрчилнө. Хичээлээ хэрхэн орох вэ, дүнг хэрхэн тооцох вэ гэдгээ өөрчлөн танилцуулах жишээтэй. Аливаа зүйлийг шинээр, өөр аргаар турших сайхан шүү дээ. Бас физикийн бусад профессор, судлаачдын бичсэн зүйлсээс хичээл заах талаар шинэ санаа их олж авдаг.
#Зохиогчийн 2019 онд "Bookish Rita" блогт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
⭐️⭐️⭐️⭐️⭐️ Amazon . ratings
⭐️⭐️⭐️⭐️⭐️ Goodreads . ratings
----------
Зохиогч: ЧАД ОРЗЕЛ
Орчуулсан: Н.ЗОЛЗАЯА
Хянан найруулсан: Ч.ГАНЗОРИГ, А.СУГАРМАА
Дизайнер: Д.ХЭРЛЭНБАЯР, Б.МӨНХМЭНД
Хавтасны зураг: Э.БАЗАРРАГЧАА
Copyright: ©2018 BenBella Books, Inc.
Эрхлэн гаргасан: ©2025 Garuna publishing
Хэмжээ 130*198 | нүүр 315
ISBN: 978-9919-9077-4-7
ДАА 530 | ННА 22.3 | O-429
Opmerkingen