top of page

ХАРИУ ҮЙЛДЭХГҮЙ ДАДАЛ - номын сэтгэгдэл

Writer's picture: Garuna publishing Garuna publishing

25.1.8 | Номын тэмдэглэл #5.1 [XCV]



Бид нар яагаад үнэнийг эрэлхийлдэг вэ? Бид бүхэн яагаад утга учрыг хайдаг вэ? Үнэнийг, утга учрыг олчихвол дараа нь яг яана гэж?


Зарим хүмүүс мөнгөний хойноос үхэн хатан хөөцөлдөнө. Зарим нь ялалт амжилтын төлөө, зарим нь нэр хүндийн төлөө, зарим нь алдар цууд хүрэхийн төлөө юугаа ч золиослохоос үл буцна. Хамгийн харамсалтай нь тухайн зүйлс нь яг өөрийнх нь гэхээсээ илүүтэй өрөөл хэн нэгний нөлөөллөөр бий болсон хүсэл дээр тулгуурласан байх нь цөөнгүй.

Энэ бүхэн тэгвэл яагаад? Яагаад, яг юуны төлөө гэж ингэж их тэмүүлээд байгаа юм? Тэр бүхнийг өөрийн болгоод авчихвал араас нь ирэх шагналын төлөө юу? Тэгвэл тэр шагнал нь яг юу юм?

Энэ нь явж явж магадгүй тайвшрал юм болов уу? Яг тэр л зүйлийг авчихвал сэтгэл нь сая л ханаж, тайвшрах мэдрэмжийг авах болохоор тэр юм болов уу?

Хэрэв үнэхээр тайвшрал мөн юм бол заавал тэр нэг аргаар биш арай ондоо хэлбэрээр авч болдоггүй юм уу? Хүсээд байгаа тэр л мэдрэмжээ заавал тийм нэг тойруу аргаар авах шаардлагатай гэж үү?


Энэхүү ном нь 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн хойгт мэндэлж, хожим нь гэгээрсэн гэгддэг Гаутама Буддагийн яг өөрийнх нь сургаал номлолын гол цөмийг багцлан хураангуйлсан нь олон судрын ойлголтыг нэг номоос авах боломжийг бүрдүүлж өгсөн гэмээр.

Мөн түүнчлэн эртний хэллэг, мөр шад бүхий шүлэглэл найраглалын хэлбэрээр бичигдсэн тэр үеийн үгс, домог түүхүүдийг орчин цагийн бидний амьдралд маш ойрхон жишээнүүд дээр хөрвүүлэн тайлбарласан нь зарим гүнзгий ойлголтыг тун хялбархнаар хүлээн авахад дөхөм болгосон санагдлаа.


Хэрэв та буддын философийг сонирхдог бол таны заавал унших номын нэг яалтачгүй мөн гэж хэлэх байна.

 Номын хэсгээс:


“Гадаад ертөнцийг тольдон харвал олон янзын амьдрал өрнөж буй. Үнэндээ таныг “үгүйсгэдэг” хүн таны бодож байгаа шиг олон байдаггүй. Дэлгүүр хэсэж буй хүүхдээ дагуулсан эзэгтэй, гудамжаар эргүүл хийж буй цагдаа, дэлгүүрийн худалдагчийг нүд дагуулан ажиглаад үз. Гадуур явж буй хүмүүс бүгдээрээ өөр өөрийнхөөрөө өдөр өдрийг амьдарч яваа. Зам асуугаад үз, гайхмаар эелдэг хариулах вий.


Энэ хорвоод маш олон сайхан сэтгэлтэй хүн, сайн санаат хүмүүс, эелдэг хүмүүс бий. Дийлэнх хүмүүс бусдыг үгүйсгэх тухай ямар ч санаагүй, дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ амьдарч явдаг.”

“Олон хүн өөрийн амьдрахуйдаа бүрэн итгэлтэй биш тусмаа, амьдрал нь зовлонгоор дүүрэх тусам өөрийн эрхгүй гадаад ертөнцөөс, гаднаас, бусдаас аврал эрдэг. Харин Будда гадаад ертөнцөөс хариулт олдохгүй хэмээжээ. Энэ ертөнцөөр нэг нисэлдэх ямар ч тэмдэгт, ямар ч үнэлэмжийн хэмжүүр, үзэл санаа, шашин, бүгд хүний сэтгэлээс төрсөн. Гэхдээ тэр сэтгэл таныхаас өөр. Заримдаа тэндээс аврал олсон мэт мэдрэгдэж болох ч өөрийн сэтгэлийн зовлон, өөрийн биеэр туулж яваа харанхуйг эцэстээ өөрөө л даван гарахаас өөр аргагүй. Түүний тулд өөрийн сэтгэлийн гүнээс гүнд зөв амьдрахуйн үзэл, тулах цэг бэхэлж өгөхгүй бол болохгүй – Буддагийн сургаал энэ л мессежийг агуулж буй юм.”


“Будда ч бас зөвхөн “өөрөө өөрийгөө” болон “зөв амьдрахуй"-г тулах цэгээ болго, өөр юуг ч эс шүт хэмээн сургасан байдаг нь тун ч анхаарал татам. Өнөөгийн буддизм "Будда" болон "хувраг" хоёрт сүсэглэхийг хүмүүст номлодог бол Буддагийн өөрийн бодол үнэндээ тийм байгаагүй.”

---------------------

 Зохиогч: Күсанаги Рюшүн

 Орчуулсан: ТОМё БОДё

 Хянан найруулсан: Б.Болор-эрдэнэ | Bolushka

 Хэмжээ 130*190 | нүүр 220

 ISBN: 978-9919-9077-2-3

 Утас: +976-75117575


0 comments

Comments


(+976) 7511-7575 | 9908-4979 

Copyright © 2025 Garuna's Crew 

bottom of page