top of page
  • Writer's pictureGaruna publishing

Философи Цагаан толгой номын сэтгэгдэл

Updated: Oct 11, 2022


Энэ ном нь философийн тухай сонирхдог ямар ч насны хүн уншихад маш сонирхолтой хэлбэрээр бичигдсэн, цэгцтэй, ойлгоход хялбар биш сэдвүүдийг ойлгож уншихад хялбар бичигдсэн ном гэж миний хувьд дүгнэлээ. Маш сонирхолтой хэлбэрээр бичигдсэн гэдэг дээр нэмж тайлбарлахад, номын зохиолч маань Ямча гэх япон хүн бөгөөд японы мангануудад хэрэглэгддэг “баки” хэмээх тулаант үйл явдлын дүрслэлд ашиглагддаг бичгийн хэлбэрийг ашигласан нь философи гэх сонсоод л сүрдмээр сэдвийн номыг философичид бүрийн амьдрал, гаргаж ирсэн онол болон хэлсэн алдартай ишлэл зэргийг тухайн үеийн сонирхолтой үйл явдал, уялдаа холбоогоор үзүүлж уншигчдыг уйдаахааргүй хөтлөгдөж явах боломжийг гаргаж өгсөн санагдсан.


Миний хувьд философи гэх сэдвийг сонирхдог, энэ тал дээр илүү гүнзгий мэдлэг олж авахыг эрмэлздэг энгийн нэгэн уншигч бөгөөд өмнө нь энэ номонд дурьдагдсан зарим философичид, тэдгээрийн онолуудын тухай хальт сонссоноос цаашгүй энд тэндээс нь цухас ойлголттой л хүн байсан. Номоо уншиж дуусаад ямар философич ямар амьдралын туршлага дээр үндэслэн өөрийн онолыг гаргаж ирсэн нь өөр нэгэн философичийн эсрэг үзэл бодол бүхий онолоор няцаагдаж байсан тухай ойлголттой болж, тэдгээрийн алдартай ишлэлүүд яг үндсэндээ ямар утга санааг илэрхийлсэн тухай мэдлэгтэй болсондоо маш олзуурхаж байна. Жишээ нь, өмнө нь би Ницшегийн хэлсэн “бурхан үхсэн” гэх алдартай ишлэлийн хэвлэл бүхий бүхэл бүтэн футболкийг өмсөөд яваад байсан хэрнээ яг энэ ишлэлийнхээ утгыг энэ номыг унших хүртлээ мэддэггүй байснаасаа санаа зовсон хха.


Уг номны надад хамгийн их таалагдсан хэсэг бол нөгөө Ницшегийн хэсэг болж таарсан. Учир нь гэвэл би өөрөө atheist буюу ямар нэг шашинд итгэдэггүй, хүн өөрийнхөө амьдралд утга учиртай зүйлсийн төлөө хичээж, хүнлэг сайн хүн байхын зэрэгцээ чадахынхаа хэрээр бусдад тусалж амьдрах юм бол заавал аль нэг шашинг дагаж мөрдөн бурхнаас өөрийгөө ивээж, энэрэхийг хүсэх шаардлагагүйгээр сайхан амьдрах боломжтой гэдэгт итгэдэг. Ницшегийн хэсэгт гардаг “Амьдралд тэмцээд ч болтугай даван туулах ёстой юм гэж байдаг, түүний төлөө мэрийх хэрэгтэй. Тэгвэл утга учрыг нь ойлгоход хэцүү энэ амьдрал гээч маань утга учиртай болно” гэдэг хэсэг надад маш их таалагдсан.


Мөн түүнчлэн энэ хэсэгт гардаг “сүүлчийн хүмүүс”-ийн амьдралыг дүрсэлсэн хэсгийг уншихад миний дотор өөрийн эрхгүй “goosebumps” мэдрэгдсэн. Хэдийгээр амьдралдаа тэмцээд ч болтугай хичээж тэмүүлэх ёстой “утга учир”-нхаа төлөө явж байгаа мэт боловч заримдаа миний/бидний амьдрал яг л эдгээр сүүлчийн хүмүүсийн амьдрал шиг болчихдог.


Яг ийм төөрөлдсөн мэдрэмжтэй үед энэ номыг олж уншсандаа, энэ номыг унших боломжийг олгосон, япон хэлнээс маш гоёор орчуулсан Томё Бодё-д талархаж байна.

Философи сонирхдог бол энэ ном таны номын тавиур дээр зайлшгүй байх хэрэгтэй номын нэг байх, философи сонирхдоггүй ч энэ номыг нэг эхлүүлээд үзээрэй гэж санал болгож байна :)

Эх сурвалж: https://medium.com/@bilguunjargalsaikhan/философи-цагаан-толгой-номын-сэтгэгдэл


コメント


bottom of page