top of page
Writer's pictureGaruna publishing

"Түүхэн дэхь хамгийн хүчирхэг ФИЛОСОФИ цагаан толгой" номын тухай ...



Философийн түүх гэдэг бол мэдлэгийн ертөнц дэх хүчирхгүүдийн мөргөлдөөн,

оч бутарсан тулааны түүх юм.



Ээлжит номын тухай нийтлэлээрээ "Түүхэн дэх хамгийн хүчирхэг философи цагаан толгой" номыг онцолж байна. Сонирхол татахуйц хийц, эмх цэгцтэй, бүтээлч байдлаараа жирийн нэг философи сурах бичгээс ялгарахын сацуу философийн талаарх өргөн мэдлэгийг багтаасан энэхүү бүтээлийг та бүхэнд танилцуулъя.

МИНИМАЛ + ЧАМИН ...

Энэхүү ном нь НТӨ үеэс орчин үе хүртэлх философичдын үзэл санааг нэг бүрчлэн тайлбарлажээ. Номыг уншиж эхлэхэд ахлах сургуульдаа хөтөлж байсан тэмдэглэлийг минь ихээхэн санагдууллаа. Тэр үед “Софийн ертөнц” номыг анх уншчихаад философич бүрийн амьдарч байсан он, нэр, улс, үзэл санааг нь бичиж, зургийг нь жижигхэн хэвлэж, хайчлаад наадаг байсан юм. Харах мэдрэхүйгээ ашиглан, дүрс зургийг ажиглах нь юмсыг тогтооход надад их тусалдаг билээ. Энэхүү номын иллюстратор, дизайнер Б.Төгсжаргал минимал хэв маягийг маш чамин байдлаар гарган ирж, философичдын хөргийг ч тун сайн зуржээ. Түүнчлэн философичдын зарим онолыг инфографик болон зургуудаар тайлбарласан нь ойлгоход улам дөхүү болгосон байна. Дизайн сайтай номыг уншихад цаанаа л урамтай байдаг.



ХҮЧИРХЭГ ОНОЛЫГ ЭРЭЛХИЙЛЭХ ОЮУНЫ ТУЛААН ...

Зохиолч "Өдийг хүртэлх философийн сурах бичгүүдэд юу дутагддаг байсан юм бол? Шуудхан дүгнэлтээ хэлбэл "Баки" дутагддаг байсан юм" хэмээн бичжээ. "Баки" гэдэг бол өсвөр насныханд зориулсан тулааны тамирчдын тухай комик ном. Зохиогч номыг илүү сонирхолтой, уншууртай болгохын тулд уг комик номын хэв маягаар бүтээлээ туурвижээ. Товчхондоо дэлхий өнцөг булан бүрээс ирэн цуглаж буй тулааны тамирчдын оронд философичдыг тавьж, дэлхийн хамгийн хүчирхэг үнэний эрэлд гарсан аж.

Тулаанчид ба философичид. Өнгөц харвал тэс өөр хүмүүс гэж санагдаж магадгүй ч үнэндээ бол тулаанчид бол "хүч чадал"-ын хойноос бүх насаа зарсан хүмүүс байдагтай адилаар философичид ч бас "ХҮЧИРХЭГ ОНОЛ"-ын эрэл хайгуулд амьдралаа бүхэлд нь өргөсөн хүмүүс байдаг.

Yamcha

Нэг философич шинэхэн онол, үзэл санааг гарган тавьж, хүмүүсийн тархинд юмсыг харах шинэ өнцгийг бүтээв үү, үгүй юу өөр нэгэн философич үүнтэй нь тас эсрэгцэх онол гаргаж ирдэг. Энэ процесс нь тулаанчдын комикийн өрнөлтэй яг ижил хэмээн зохиогч үзжээ. Илүү урт хугацаанд үргэлжлэх оюуны тулаан. Энэхүү тулаан дөрвөн үеийн турш үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл та уг номоос доорх дөрвөн агуулгын хүрээн дэх мэдлэгийг олж авна.

  • Үнэний "үнэн"

  • Төрийн "үнэн"

  • Бурхны "үнэн

  • Оршихуйн "үнэн"

ТУЛААНЫ ДӨРВӨН РАУНД ...

Эхний round буюу үед "Үнэний үнэн"-г эрэлхийлэх философичдын түүх, үзэл санааг танилцуулна. Үүнд эртний үеийн хоёр философич Протагор, Сократ болон ойрх үеийн дөрвөн философич, өнөө үеийн зургаан философич багтжээ. Хамгийн сонирхолтой нь философич бүрийг танилцуулахдаа зохиогч тэдний онцлогийг тусгасан тодотголуудыг оноож өгсөн байна. Жишээлбэл, Сократыг "Үнэнтэй гэрлэсэн хамгийн хүчирхэг хэрүүлч", Кантыг "Үнэнийг тонгоруулсан ганцаардмал эр" гэжээ. Эхний өгүүлбэрийг уншаад л уншигч тодорхой дүр зургийг оюундаа бүтээчихэж байгаа юм.

Хоёрдугаар үед "Бид яагаад ажил хийхгүй бол болохгүй юм бэ?", "Төрийн жинхэнэ төрх чухам юу вэ?" гэх мэт асуултын хариултыг эрэлхийлэх философичдыг онолыг танилцуулна. Үүнд эртний үеэс Платон, Аристотель, дараа үеэс Хоббс, Русо, Адам Смит, ойрх үеэс Марксын онолууд багтжээ. Зохиогч философич бүрийн "дархан мэх"-ийг тодорхойлж өгснөөрөө мөн онцлогтой. Аристотелийн "дархан мэх" нь логик бол Руссогийнх ардын бүрэн эрх аж.


Гуравдугаар үед бурхны тухай онолууд тэр дундаа Ницшегийн алдарт "Бурхан үхсэн ч цааш амьдрах тухай" үзлийг тайлбарласан аж. Өөрийн минь хамгийн дуртай хэсэг болох дөрөвдүгээр үед оршихуйн тухай авч үзсэн. Эртний үеийн философичдын оршихуйн угийг эрэлхийлсэн онолууд болон өнөө үеийн Гуссерль, Хайдеггер, Соссюр хэмээх философичдын үзлийг тайлбарлажээ.

ЯАГААД УНШИХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ...

Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхдаа философийн хичээл судалж байсан минь яахын аргагүй санаанд ормуй. Тэр үед их зузаан, онолын үгээр нэгд нэгэнгүй бичсэн, ар араасаа урсах томьёоллоор дүүрэн философийн сурах бичигтэй багагүй зууралдсан. Хэрэв тэр үед энэ цагаан толгойг уншчихсан бол гэдэг бодол төрсөөр. Энэхүү бүтээл жирийн нэг цагаан толгой эсвэл философичдын тухай тайлбар толь биш ажээ. Философичдыг онол, үзэл санаагаар нь нэгтгэн дөрвөн агуулгад хувааж, эсрэгцэх онолуудыг ар араас нь дараалалтайгаар тайлбарласан нь философийн түүхийн зураглалыг тархинд саадгүй гэгч нь буулгаж чадах бүтээл юм.


Эх сурвалж: https://unread.today/c/book-the-super-guide-to-philosophy


Comments


bottom of page