Кишими Ичиро, Кога Фүмитакэ
Ад үзэгдэх зоригийн хэгжүүн хэрнээ өөртөө итгэлгүй тэр нэгэн мэтгэлцэгч залууг та нар санасан уу? Миний хувьд "тэр маань цас лавссан тэр шөнөөс хойш жаргалтай амьдарч, өөрийгөө хайрлаж чадсан болов уу?" гэж хааяа хааяа бодогдсоор Жаргалтай болох зоригтой нүүр туллаа.
Тэрээр сүүлийн гурван жилд номын санчийн ажлаа орхиод ЕБС-д багш болжээ. Адлераас олж мэдсэнээ сурагчид дээрээ туршсан нь тун ч бүтэлгүй болж эцэстээ "Адлерийн онолыг үгүй хийх"-ээр эртний анд философич дээрээ дахин зочилсноор би тэдний хэрхэн мэтгэлцэхийг сонсож, үзэх зарим үед оролцох бөөн завшаан тохиолоо.
Яг энэ номыг уншихтай зэрэгцүүлэн кинонд дуртай нөхөр минь "хүнд гарууд" хэмээх оросын сериал эхлүүлсэн юм. Би бас яаж татгалзах вэ? хамтдаа л үзлээ. Тэр кинонд хэрэг төвөгт орооцолдоод тусгай сургуульд хүчээр ирсэн өсвөр насны хүүхдүүдийн хөл бөмбөгийн дасгалжуулагч багшаар бас л хүн амьтан зодоод шоронд ороод гарч ирсэн шигшээ багийн од тамирчин ирж буйгаар эхэлнэ.
Энэ кинонд манай хүнд гарууд багшийн үйл тамыг зүсэн зүйлээр үзнэ. Нүцгэн зургийг нь соошлд тавьж, машиныг нь хулгайлж зугатаад шатаана, зарим нь бүр гэрт нь ирээд нууцаар өвөрт нь орж зургаа авчихаад шантаажилна гээд л ёстой амилсан чөтгөрүүд үү гэмээр хорон хүүхдүүдийн цуглуулга. Нөгөө талаас багш ч бас хангалттай хариу барина. Машинаараа хөөж талбай тойруулан гүйлгэнэ, шаардлагатай бол машинаараа мөргөнө, ирц бүртгэхгүйгээр дарамталж сургалтаа орно гээд л гэвч нэг анзаарагдсан зүйл нь "тэд яг найзууд шиг харилцаатай байсан. Хэрэгтэй үед нь бие биенээ дэмжинэ, шаардлагатай бол тусална. Хэн нэгнийг чи ийм байх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж тулгасангүй, сайн байна муу байна ч гэсэнгүй. Яг л нөгөө хэвтээ шугаман харилцаатай атлаа цаанаа нэг бие биенийхээ оршихуйг байгаагаар нь хүлээн авч, чи үүнээс илүүг чадна гэсэн итгэлийг бие биендээ өгдөг." Найз нөхрийн эрх тэгш харилцаа дээр энэ мэт жинхэнэ ХҮНДЛЭЛ гэдэг зүйл ороод ирж байгаа юм. Яахав киноны төгсгөлд нөгөө хүнд гарууд маань хүнд гарууд чигээрээ л дууссан.
"Жаргалтай болох зориг", "Хүнд гарууд" ёстой л цаанаасаа ярилцаж тохиролцсон юм шиг яг таг санаа оноо нь таарсан гоё хослолуудыг мэдэрсэн хэд хоног боллоо.
Ад үзэгдэх зориг дээр "бид өөрчилж чадахгүй зүйлээ зүгээр л байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч" сурахыг заасан бол жаргалтай болох зоригт ЖАРГАЛыг хүн яг хүсдэг үү? ЖАРГАЛТАЙ АМЬДРАХЫН УТГА УЧИР юу вэ? гэсэн асуултууд зонхилдог. Ерөөс жаргал, зовлонгийн эх ундарга нь хүн хоорондын харилцаа юм бол яагаад бид жаргалыг удирдаж чадахгүй байна вэ? Энэ асуултыг тойроод хүндлэлийн утга учир, үнэ цэнэ, хүний төрөлх мөн чанар тэдний үйлдлүүд дээр тулгуурлан философич маань төөрөлдөж, учраа олохоо больсон багшид Адлерийг дахин таниулна.
Жаргалтай болох зоригт 2 зүйл миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Үүнд хүндлэл болон хайрын харилцаа.
"Хүндлэл гэдэг нь хүнийг байгаагаар нь хүлээн авч давтагдашгүй цор ганц оршихуйг нь ойлгож, тухайн хүнийг өөрөөрөө өсөн хөгжихөд нь санаа тавьж зоригжуулах үйлдэл." Ийм л энгийн байж ерөөсөө л байгааг нь хүлээн зөвшөөрөх нь хүндлэл аж. Гэтэл бид хүндэлж байна гээд нөгөө хүнээ босоо шугамд тавьчих гээд байдаг сул талтай. Нөгөө хүн маань ч энэ намайгаа хүндэлж байгаа юм чинь надаас дор гэсэн хандлага гаргах нь элбэг. Харин зүгээр л "анд нөхөр чинь болж, үргэлж байгаагаар чинь хайрлаж явъя" гэвэл энэ сая хүндлэл ажээ.
Хайр: Энэ хэсэгт "Хувь заяаны хүн гэж байддаггүй."
Юу гэсэн үг вэ заяаны хань, хувь тавиланд итгэдэг над шиг хүмүүс тэгэхээр төөрөлдөж явсан хэрэг үү??? Гэтэл энэ маань өөрийнхөө сонголтонд итгэхийг хүссэн хүний тайтгарал нь "хувь тавилангийн минь хүн, заяаны хань минь" гэсэн тодотголыг бий болгодог гэнэ. Тэгээд бодоод үзэхэд "чи минь миний бүх зүйл минь билээ" гээд л хайр сэтгэлээ холбосон хосуудын хичнээн нь салдаг билээ, эсрэгээрээ аав ээжийн өндгөн сүй эсвэл тухайн нөхцөл байдалдаа гэрлэе гэсэн шийдвэр гаргачихаад насан туршдаа бие биедээ сэтгэл хангалуун амьдарсан хосууд ч байдаг. Тэгэхээр нээрэн заяаны хань гэж байдаггүй юм биш биз?
Философич гуай хэлэхдээ "ХУВЬ ЗАЯА ГЭДЭГ БОЛ ХҮН ӨӨРИЙНХӨӨ ГАРААР БҮТЭЭН ЦОГЦЛООХ ЗҮЙЛ ЮМ. ДЭРГЭД БУЙ ХҮНИЙХЭЭ ГАРААС ХӨТЛӨН, ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН САЙНААР БҮЖИГЛЭ. ХУВЬ ТАВИЛАН ТЭНДЭЭС ЭХЛЭНЭ. ХАЙРЫГ МЭДЭЖ АМЬДРАЛЫН ЭЗЭН БИЕЭ "БИД-ээр солих аваас өөрчлөгдөнө." Энэ хэсгийг уншаад өнөөдрийг хүртэл нөхөртэйгөө би, чи л гэж явснаас бид болж нэгдсэн бил үү? гэж хэсэг бодлогоширлоо.
Бодоод үзэхэд ихэнх салсан хосууд "тэр надад тэгж өгсөнгүй, би ийм зүйлийг, тэр би, би тэр" л гэж ярьцгаадаг шүү дээ. Хөөрхийлөлтэй би, новшийн тэр... тиймээ тэд нар ТЭД болж хоорондоо уусч, нэгдэж чадаагүй магадгүй мэдээгүй л юм байна шүү дээ. Хэрвээ тэд "ТЭД" болох арга замыг мэдэж байсан бол жаргалтайгаар л хамтдаа бүжиглэсээр байх байж... харамсмаар, халагламаар.
Миний хувьд амьдралдаа баримталж явах хэд хэдэн зарчмаа энэхүү хоёр номноосоо олж авсан юм. Үргэлж ширээний номоо байлгаж, мухардалд орсон үедээ гарц хайх луужингаа оллоо.
Эцэст нь энэ сайхан бүтээлүүдийг эх хэлнээ орчуулж уншигчдад ойртуулж өгсөн Garuna publishing хамт олонд их гялайлаа. Та бүхэндээ амжилт хүсье.
2023.04.05
Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100087548211243 /Цас/
Comments