Battuul Batzorig https://bak-battuul.medium.com/%D0%B1%D2%AF%D0%B3%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B3-ac3c287c3a36
Хүүхдийн өсөлт хөгжилд ном хэчнээн чухал болохыг ойлгуулсан бяцхан түүхээ хуваалцъя. Америкт анх ирээд эхний долоо хоногоосоо л охины маань өтгөн хатаж эхлэв. Орчин солигдсоных байх гээд эхэндээ ажиглаад, дараа нь хоолыг нь өөрчлөөд, эмчтэй холбогдолгүйгээр өөрөөр нь эдгээх санаатай хэсэг үзсэн ч болсонгүй, өтгөн хаталт нь улам нэмэгдсээр 1 өдөр цустай бааж айлгалаа (хэтэрхий том баасаа гаргаж чадахгүй онжиго нь бага зэрэг шалбарсан хэрэг л дээ). Ашгүй коронагийн улмаас Монгол дахь эмч нь онлайн зөвлөгөө өгдөг болсон байсан учир тэр өдрөө шууд холбогдож зөвлөгөө авав. Анх ирээд хоол хүнснээс ч юмуу, ямар нэгэн шалтгаанаар хэсэг өтгөн нь хатсан, за тэгээд 1, 2 удаа хатуу баас гаргах гэж нэлээн дүлээд, түүнээсээ айж, хаширлаад дараа дараагаас баасаа тэвчдэг болсноор өтгөн хаталт нь улам нэмэгдсэн байна гэлээ. Ингээд эмч маань хооллолт, өдрийн дэглэм, сэтгэл зүйтэй холбоотой хэд хэдэн зөвлөгөө өгснөөс “баахаас айх айдсыг нь арилгах” гэдэг бидний том даалгавар боллоо.

Бие зассаны дараа урамшуулна, хамгийн дуртай зүйлийг нь хамт хийнэ гэх мэт хэд хэдэн арга хэрэглэснээс ном уншиж өгөх онцгой чухал үүрэгтэй байлаа. Өнгөрсөн жил талбай дээр болсон номын баяраар “Бүгд баадаг” нэртэй ганцхан ном авсан юм. Тэр үедээ утгыг нь тийм ч сайн ойлгоогүй, өхөөрдөөд авчихсан энэ ном маань хаа байсан Америкт ирсэн хойно их тус болсон доо. Хүн болгон, амьтан болгон “ии-аааа” гээд дүлээд баадаг. Том амьтан том баадаг, жижиг амьтан жижиг баадаг, хүмүүс бид бусад амьтад шиг энд тэнд баадаггүй гэх мэт энгийн боловч чухал зүйлсийг өдөр тутамдаа байнга уншсаар байгаад нөхөр бид 2 ч “бие засах” биш “баах” гэж ярихдаа санаа зовохоо болив. “Ээж нь баачхаад ирье”, “агаа нь баах гээд 00 орж байна” гээд л байнга ярина. Яг өтгөн нь хатаад, нүүрээ улайтал дүлж байхад нь “зааны том баас гарах гэж байх шиг байна, миний охин хичээгээрэй” гээд л аав, ээж нь ээлжлээд номыг нь харуулаад ярина. Хэд хоног ингэж яваад айдас нь илт арилсан, өөрөө бие засах үедээ хэлж, хэцүү байсан ч хичээгээд байгааг тодорхой анзаарав.

“Бүгд баадаг” ном
Энэ цагаас хойш ном гэдэг бол дээш нь залж, хааяа нэг тухтайхан буйдан дээрээ цэвэрхэн уншаад хураадаг ариун нандин, алс холын зүйл биш юм байна, харин ч баахад ч хажууд байдаг энгийн, ойрын зүйл юм байна гэдгийг сэтгэлийн гүндээ ортол ойлгосон доо. Энд манай гэрийн ойролцоо номын сан байдаг. Хүүхдэд зориулсан ном ч маш олон. Охинтойгоо 7 хоногт дор хаяж 1 удаа номын сан орно. Заавал орох юм шүү гэж зорьж зорьж, санан санан биш, угаасаа л талх дуусаад өөрийн эрхгүй дэлгүүр ордог шиг л орно. Амьтдын тухай, өнгө дүрсний тухай, өглөө босож, орой унтах тухай, өөрөө биеэ дааж хувцсаа өмсөх тухай, айдсын тухай гээд амьдралд ойр бүхий л зүйлсийг номоос уншиж мэднэ. Яг одоогоор л гэхэд анхны шүдний эмчийн үзлэгт нь бэлдээд шүдний эмчийн тухай номууд уншиж байгаа.
Ном уншсаны ачаар охины маань ерөнхий мэдлэг, үгсийн сан ч маш сайн нэмэгдэж байна. Тиймээс найзуудаа, “номоо урчихна битгий авч өгөөрэй”, “муухай болголоо, ав.”, “гар нь хүрэхгүй газар тавьчих” гэж хэлдэг бол яг одооноос болиорой. Ном бол долоо хоногтоо хэдхэн сөхөж хардаг, цэвэрхэн хадгалах зориулалттай, тусгай зүйл биш юм шүү. Харин ч элэгдтэл нь эргүүлж, урагдтал нь уншвал бидний ч зааж чадахгүй асар их зүйлсийг хүүхдийн толгойд, сэтгэлд нь хийдэг дотно нөхөр юм шүү.
Том том зурагтай, анхаарал татсан, тоглоом шиг зугаатай номуудаас эхлээд уйтгартай хавтастай, гүнзгий философитой, урт тексттэй, зузаан номыг ч утга уянгад нь дурлан, шимтэн уншдаг хүн болоорой миний бяцхан охин.
Written by Battuul Batzorig
Comments